“Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэгт хохирсон иргэд өөрсдийн хүүхэд, хамаатан садныхаа цэргийн ангид нас барсан тохиолдлуудыг хуваалцаж байна.
Кэйс 1: 20 жилийн өмнө цэргийн алба хаахаар явсан хүү амиа алдаж, цэргийн ангиас амиа хорлосон гэх мэдээллийг ар гэрийнхэнд нь өгчээ. Тухайн үед 12 настай байсан жаахан охин өнөөдөр ахынхаа амиа алдсан тохиолдлыг дахин шалгуулж, гомдлоо тайлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. "Өнгөрсөнд болсон хэргийг шийдвэрлэлгүйгээр, улам өөгшүүлдэг байдал газар авч, цэргийн ангид цэрэг амь эрсэддэг тохиолдол гарсаар байна. Цэргийн алба хаахаар явсан хүүхдүүд цогцос болоод ирдэг жишиг нэгэнт тогтжээ. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцохгүй, нуун дарагдуулдаг байдлыг таслан зогсоох асуудал"-ыг ар гэрийнхэн нь хөндөж байна.
Кэйс 2: 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Төв аймгийн Алтанбулаг сумын Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид цэргийн алба хаахаар явсан хүү амиа алджээ. Цэргийн ангийн зүгээс амиа хорлосон гэдэг мэдээг гэр бүлийнхэнд нь өгсөн байна. Ар гэрийнхнийх нь зүгээс камерын бичлэгийг авахаар хөөцөлдсөн боловч авч чадаагүй, улмаар гуравдугаар сарын 27-өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хүсэлт гаргаж, дөрөвдүгээр сарын 7-нд хүсэлтийн хариу ирж, гуравдугаар сарын 24-ны өдрийн бичлэгийг ар гэрийнхэнд нь өгсөн байна. Гэвч амь эрсэдсэн өдрийн бичлэг алга байжээ. Улмаар хэрэг мухардаж, өнгөрөгч наймдугаар сард хаагджээ. Ар гэрийнхэний зүгээс дахин хүсэлт гаргаж, хэргийг шалгуулж байна.
Кэйс 3: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн 19 настай хүү Увс аймгийн цэргийн ангид алба хаахаар очжээ. Гэвч 2022 оны есдүгээр сарын 29-нд амиа хорлосон байдалтай олдлоо гэх мэдээг дуулгасан байна. 27-28-нд шилжих шөнө аавтайгаа утсаар ярьж, сайн байгаагаа илэрхийлсэн хүү дараа өдөр нь амиа алдсан байгаа юм.
Энэ мэт цэргийн ангид амиа алдсан, тахир дутуу болсон иргэдийн жагсаалт хөвөрсөөр байна. “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэгт оролцсон иргэд өөрийн амьдралд тохиолдсон цэргийн албанд амиа алдсан түүхүүдийг хуваалцаж байгаа юм.