“Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг яг одоо Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлэгт цэргийн албанд татагдаад амь насаа алдсан талийгаачдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд болон албаныхан оролцож байна.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Дүрэмд заагдаагүй сахилгын шийтгэл оногдуулах явдал их байна. Цэргийн алба хаагчид зөрчил гаргасан тохиолдолд ямар сахилгын шийтгэл ногдуулахаа дүрэмдээ заасан байдаг. Харин дүрэмд заасан сахилгын шийтгэлээс өөрөөр шийтгэж, гэмтээх тохиолдол гарсаар байна. 2006 оноос хойш цэрэг гэмтсэн гэх асуудлын тоо буурсан ч харамсалтай нь хүний амь нас хохирсон нөхцөл байдал зогсоогдохгүй байна.
Иймд ХЭҮК энэ асуудалд анхааран ажиллаж байгаа. 10 жилийн хугацаанд 44 цэрэг нас барснаас 20 нь хугацаат цэргийн алба хаагчид байсан. 126 цэрэг гэмтэж бэртэж, 105 цэргийн бие махбод гэмтээгүй ч дүрмийн бус сахилгын шийтгэл амсаж, сэтгэл санаагаараа хохирсон байна.