Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт НПГ-аас дахиад яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Монгол Алтайн нурууны нэгэн салбар болох Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх эл хэрэгт дээр дурдсан хүмүүсээс гадна БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан С.Чинбат, Г.Эрдэнэ-Очир, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, Цэцэг сумын албан тушаалтнууд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов тэргүүтэй 30 хүнд яллах дүгнэлт үйлдэж 2020 онд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан юм. Тэгвэл энэ удаа 18 хүнд Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсгийн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн, 22.5-д заасан хээл хахууль өгсөн, 24.2- 1-ийн хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон, 18.6-3 дахь хэсгийн мөнгө угаасан, 21.10-1-т заасан битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр дахиад яллах дүгнэлт үйлдсэн байна.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд энэ хэргийг ажлын 14 хоногийн турш хэлэлцээд Р.Баатархүүд найм, Б.Үнэнбатад зургаа, Х.Бат-Эрдэнэд дөрөв, “Өгөөжтэй өв” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Б.Ганзоригт хоёр, мөн компанийн захирал С.Чинбатад нэг жил гурван сар, Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч асан Г.Эрдэнэ-Очирт хоёр жил зургаан сар хорих ял оноожээ. Харин Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ-ын дарга Б.Сүхбаатар, тус сумын Баян-Овоо багийн Засаг дарга Ц.Мягмарсүрэн, “Топ моунтайн” компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Одхүү, Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов, дээрх тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Дэ.Пүрэвдорж, Цэцэг сумын Засаг дарга асан Ж.Мөнхзориг, түүний дүү Ж.Өнөржаргал нарыг хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан юм. Гэм буруутай нь тогтоогдсон Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, Б.Ганзориг, Г.Эрдэнэ-Очир, С.Чинбат нараас ашигт малтмал хууль бусаар олборлосон хэргийн хохиролд 5.3 тэрбум гаруй төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгох, нэр бүхий шүүгдэгчдээс таван тэрбум 344 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж байсан билээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон