Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкид МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслол боллоо. Тэрбээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн анхны "Хүндэт доктор" цолыг хүртэж байна. Кобаяши Хироюки нь 1958 онд Япон Улсын Киото хотод төрсөн, дипломатч юм. 1983 онд Японы Чюүо Их сургуулийн хуулийн ангийг төгсжээ. 1984-1985 онд АНУ-ын Индианагийн Их сургуулийн аспирантурт Урал, Алтай судлалын ангид суралцсан. Мөн 1985 оны есдүгээр сараас нэг жилийн хугацаанд МУИС-д Монгол хэл судлаачаар суралцаж, төгссөн байна. 2019 оны арваннэгдүгээр сард Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож байжээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки “МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цолыг авч байгаа нь нэр төрийн хэрэг. Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ойн хүрээнд энэхүү хүндэт цолыг авч байгаадаа гүн талархал илэрхийлье. Монгол Улс бол миний хоёр дахь эх орон юм. Цаашид хоёр орны харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээх болно” гэлээ.
Түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд цар тахлын хүнд бэрх цаг үе таарсан ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд болсон байна. Өдгөө хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаа юм. Элчин сайд ноён Кобаяши Хироюки 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой хүрээнд “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд ойн хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран 200 гаруй арга хэмжээг зохион байгуулжээ.
Мөн Япон Улстай хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг 2021 оны долдугаар сард ашиглалтад оруулснаар хүчин чадал 3 дахин нэмэгдэж 6 терминалтай, долоо хоногт 160 удаагийн нислэг, жилд 22 мянга удаагийн онгоц хүлээн авч ажиллаж байна. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Элчин сайд Ноён Кобаяши Хироюки Монгол Улсад нийт 11 жил ажиллах хугацаандаа үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж байна.
Ажилласан байдал:
- 1983 оны дөрөвдүгээр сард Японы ГХЯ-нд ажилд орсон.
- 1986 оны долдугаар сард Монгол дахь Японы ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн даргаар томилогдсон.
- 1989 оны зургадугаар сараас 1991 оны зургадугаар сар хүртэл АНУ-ын Чикаго дахь Япон Улсын Ерөнхий консулын газрын дэд консулаар ажилласан.
- 1991 оны долдугаар сараас Японы ГХЯ-ны Азийн газрын Хятад Монголын хэлтэст Монголыг хариуцсан мэргэжилтэн,
- 1994 оны долдугаар сараас Японы ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газрын Гэрээний хэлтэст мэргэжилтэн,
- 1998 оны дөрөвдүгээр сараас Японы ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газрын Гэрээний хэлтсийн орлогч дарга,
- 1999 оны арваннэгдүгээр сараас Японы ГХЯ-ны Эдийн засаг хамтын ажиллагааны газрын Буцалтгүй тусламжийн хэлтсийн орлогч дарга,
- 2002 оны есдүгээр сараас АНУ дахь Японы ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга,
- 2005 оны наймдугаар сараас Монгол дахь Японы ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Дипломат байгууллагын дэд тэргүүн,
- 2008 оны аравдугаар сараас ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн албаны тэргүүн орлогч дарга,
- 2010 оны есдүгээр сараас ГХЯ-ны Гадаад бодлогын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн,
- 2010 оны арваннэгдүгээр сараас Зэвсэг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх газрын Олон улсын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн,
- 2012 оны дөрөвдүгээр сараас ГХЯ-ны Гадаад бодлогын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн (эрдэм мэдлэг, оюуны солилцоо хариуцсан) ахлах зохицуулагч бөгөөд Зэвсэг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх газрын, Олон улсын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлтсийн (Олон улсын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан) ахлах зохицуулагч,
- 2012.12 ГХЯ-ны Гадаад бодлогын газрын Тэнгис далайн аюулгүй байдлын бодлогын хэлтсийн дарга,
- 2014.3 ГХЯ-ны Тамгын газрын Боловсон хүчний хэлтсийн ахлах зохицуулагч,
- 2016.10 ГХЯ-ны Тамгын газрын Боловсон хүчний хэлтсийн шинжээч (тусгай зохицуулагч),
- 2018 оны дөрөвдүгээр сараас АНУ-ын Нэшвилл дахь Япон Улсын Ерөнхий консулын газрын Ерөнхий консул,
- 2019 оны арваннэгдүгээр сараас Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ.