Сэтгүүл зүйн Инновац, хөгжлийн үүр төвийн баг “Баримт шалгах гарын авлага” номыг монгол хэлнээ орчуулан, орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэйгээр хэвлэж, олон нийтийн хүртээл болгоход бэлэн боллоо.
Мэдээллийн үнэн бодит байдлыг шалгах буюу баримт шалгалт гэдэг нь зөвхөн хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдэд зориулсан нарийн төвөгтэй ажил биш юм. Олон нийтийн дунд нийгмийн сүлжээ өргөн хэрэглээнд нэвтэрч, мэдээлэл тархах хурд, хэмжээ өндөр түвшинд хүрсэнээр “мэдээллийн шуурганд” өртөж, тэр дундаа хуурамч, ташаа мэдээлэлд төөрөх эрсдэлтэй болоод буй.
Европын Сэтгүүл зүйн төвөөс хэвлэн гаргасан “Баримт шалгах гарын авлага” номыг онлайн эрэн сурвалжилга, нээлттэй эх сурвалжийн шинжилгээгээрээ алдартай Крэйг Силверман хянан тохиолдуулсан байна. Тус номоос хуурамч, ташаа мэдээллийн талаарх суурь ойлголтуудаас эхлээд зохион байгуулалттай түгээдэг мэдээллийн манипуляцыг хэрхэн таньж, илрүүлэх арга зам, учир шалтгааныг тодорхой жишээнээс мэдэх боломжтой. Тухайлбал, Facebook дэх хуурамч хаягууд Филлипинд хэрхэн зохион байгуулалттай суртал ухуулга явуулсан, Twitter /одоогийн Х/-т Хонконгийн эсэргүүцлийн жагсаалын үеэр хэрхэн автоматжуулалт ашигласан болоод дэлхийн хэмжээнд өрнөсөн “Black Lives Matter” хөдөлгөөний үеэр хуурамч хаягаар хандив цуглуулсан зэргийг илрүүлэх арга, хэрэглүүрийг мэдэх боломжтой. Мөн хүний царай, хоолойг хувирган өөрчилдөг deepfake технологийг хэрхэн таних, “patient zero” буюу “тэг дугаартай өвчтөн” гэх нэршлийн учир зэрэг агуулгыг уншиж болно.
Хуурамч мэдээлэл ямар нөхцөлд, ямар хэлбэрээр тархдагийг мэдэх нь баримт шалгах үйл явцын чухал үе шат болохын зэрэгцээ ийм үед сэтгүүлч, олон нийтэд илүү сэрэмжтэй байх хандлагыг төлөвлүүшлэх нь гол зорилго юм.
Мэдээлэл нь зураг, бичлэг, текст, аудио бичлэг гэх мэт хэлбэрээр түгдэг бол түгээгч этгээд нь хувь хүн, улстөрчид, хаяг бүртгэл тодорхойгүй вэбсайт, олон нийтийн сүлжээн дэх хаягууд гэх мэтээр “алагладаг”. Харин энэ эрээвэр хураавар ертөнцөөс бодит зөв мэдээллийг хэрхэн олох, хуурамч, ташаа мэдээллийг яаж ялгаж таних вэ гэдгийг “Баримт шалгах гарын авлага” номоос монголчууд эх хэлээрээ уншиж, ойлгох боломжтой боллоо.
Энэхүү гарын авлага нь олон нийтийн болон мэргэжилтнүүдэд хуурамч мэдээллийг танин, шинжлэх хөтөч болж төөрөгдөл, ташаа мэдээлэлд автахаас сэргийлэхэд хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.