Цагдаагийн алба хаагч цахимаар мөрийтэй тоглоом тоглуулдаг хүмүүстэй холбогдож, мөнгө авч байсан байж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн хоёр хоногт түгээд буй. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар, ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван нар өчигдөр мэдээлэл хийлээ. Д.Манлайбаатар “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажилладаг Т гэдэг манай алба хаагчийг мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт холбогдуулан нэр ус, зурагтай нь цахим мэдээллийн хэрэгслээр зарласан. Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад тухайн алба хаагчийн нэр ус холбогдож орж ирсэн. Бид үүнийг нь үнэлээд, хуулийн дагуу эрх бүхий субъект буюу Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгалт үргэлжилж байна. Уг алба хаагч өнөөдөр ч албан үүргээ гүйцэтгэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг тогтоон шалгах ажиллагаа эцэслэн шийдэгдээгүй байгаа гэсэн үг. Үндсэн хуульд зааснаар гэм буруутай, эсэхийг гагцхүү шүүх тогтооно.
Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Б гэдэг алба хаагчийн тухай мэдээлэл бас гарлаа. Энэ бол тусдаа хэрэг, асуудал. Цахим гэмт хэрэг үйлдсэн хүмүүст чиглэсэн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нэр дурдсан ахмад албан хаагчид нөлөөлж, тэднээс шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдлийг харьяаллын дагуу АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр өнгөрсөн аравдугаар сард шилжүүлсэн. Шүүхээр эцэслэн шийдэж, тогтоогоогүй байхад хэн нэгнийг гэм буруутайд тооцохгүй гэдэг Үндсэн хуулийн заалтыг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Дэд хурандаа С.Тайван “Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 328 хүнд холбогдох 277 хэргийг цагдаагийн байгууллага 2020 оноос хойш мөрдөн шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн. Одоо хэрэг бүртгэлийн 204 хэрэг шалгаж байна.
Мөн “Хяналт-1”, “Хяналт-2” нэгдсэн арга хэмжээ явуулж, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны оператор компаниуд, арилжааны банкны төлөөлөл, прокурор, мөрдөгч гэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан ажлын хэсэг байгуулж, олон үйл ажиллагаа зохион байгууллаа. Ингэснээр 3508 домэйн хаяг Монгол Улсаас хандах эрхээ хязгаарлуулсан, 2715 дансан дахь 4.6 тэрбум төгрөгийг царцаасан. Мөрийтэй тоглоом тоглохыг уриалсан 102 цахим хуудсыг устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байна. Цахимаар мөрийтэй тоглоод нэг ч төгрөг олохгүй, нэг ч төгрөг хожихгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Цагдаагийн байгууллага долоо хоног бүр шалгалт хийж, 1-2 гэмт бүлгийг эрүүгийн хариуцлагад татаж байгаа аж. Тухайлбал, энэ оны арав, арваннэгдүгээр сард мөрийтэй тоглоом зохион байгуулсан долоон бүлгийн 29 хүнийг дайчлан баривчилжээ. Тэд хууль бус орлогоороо багагүй эд хөрөнгөтэй болсон, гадаад улсаас мөрийтэй тоглоом зохион байгуулж, их хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг нь тогтоогдож буй аж. Мөних хэмжээний мөнгө дэнчинд тавьж байгаа иргэдийн “мод”- ыг хяналтдаа байлгаж алдах боломжийг нэмэгдүүлдэг нь ч тодорхой болж байгаагэнэ.
Мэдээллийн хэрэгслээр нэрийг нь зарласан цагдаагийн алба хаагчдын тухайд мөрийтэй тоглоомын хэрэгт ял шийтгүүлэн хоригдож байгаахүмүүсийн ар гэрийнхэн “өшөө авч”, мэдээлэл түгээн хууль, хяналтын байгууллагаар шалгуулж эхэлсэн бололтой.