Цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдлын талаар Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван мэдээлэл өглөө.
2020 оноос хойш Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах хэрэгт нийт 328 этгээдэд холбогдох, 277 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Одоогоор 204 хэрэгт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгагдаж байна Тэрбээр "Монголбанк, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) болон үүрэн холбооны оператор компаниуд, арилжааны банкнуудын төлөөлөл, прокурор, мөрдөгч гэсэн төр, хувийн хэвшилд тулгуурласан ажлын хэсэг байгуулагдсан байдаг.
Тус ажлын хэсэг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт цохилт өгөх зорилгоор нэлээд ажил, арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд нийт 3,508 домэйн хаягийг Монгол Улсаас хандах эрхийг нь хязгаарлуулсан.
Мөн 2,715 дансыг царцаасан тус дансанд төвлөрсөн байсан 4.6 тэрбум төгрөгийг царцаасан. Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглохыг уриалсан, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 102 фейсбүүк групп, домэйн хаяг, фейсбүүк хуудсуудыг устгуулах хүсэлтийг ХХЗХ-нд хүргүүлсэн.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, эрүүгийн цагдаагийн албатай хамтраад долоо хоног бүр цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж буй этгээдэд цохилт өгөх зорилгоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Долоо хоногт 1-2 гэмт бүлгийг эрүүгийн хариуцлагаар татаж, тодорхой баримтжуулах ажлыг хийсэн. Тухайлбал аравдугаар сар, арваннэгдүгээр сард мөрийтэй тоглоом зохион байгуулсан долоон бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилсан.
Эдгээр этгээд нь хууль бусаар олсон орлогоор их хэмжээний эд хөрөнгө худалдаж авсан, цагдаагийн байгууллагын алба хаагчид нөлөөлөхийг оролдсон байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь их хэмжээний мөнгөтэй, хууль бусаар олсон их хэмжээний орлоготой. Түүгээрээ хууль бус орлогоо хэрхэн яаж урт хугацаанд үр дүнтэй зохион байгуулах аргаа л өдөр бүр сэдэж, бид бүхний эсрэг ажиллаж байна" гэв.
Мөн "Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар, ЦЕГ-аас санаачлан кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөтгөж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болгосон өргөтгөсөн.
Энэхүү газрын бүтэц, бүрэлдэхүүнд кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг байгуулсан. Тус төв нь 24 цаг цахим мөрийтэй тоглоом тоглох иргэдийн гомдол мэдээлэл, энэ төрлийн тоглоом тоглуулж байгаа данс, домайн хаягийн мэдээллийг авч, таслан зогсоох арга хэмжээг авч байгаа.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв байгуулагдаад 13 хонож байна. Та бүхэн 102 дугаарын утсанд залгах эсхүл Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төв гэх хуудсаар мэдээлэл өгснөөр иргэд бидэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой.
Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр хуулийн боломжит бүх л арга хэрэгслийг ашиглан гэмт этгээдүүдэд цохилт өгөх зорилгоор тасралтгүй ажиллаж байгаа. Дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш банк санхүү, ХХЗХ, интернэт үйлчилгээ үзүүлэгч, үүрэн холбоо зэрэг бүх байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлаж явдаг. Хамтын ажиллагааны хамгийн том дэмжлэг үзүүлэх хэсэг нь ард иргэдийн оролцоо юм.
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг буурахгүй байгаа нэг шалтгаан нь хэрэглэгчидтэй холбоотой. Цахим мөрийтэй тоглоом тоглогч хэрэглэгчдийн тоо Монгол Улсад тасралтгүй өсөж байна.
Мөн "Цахим мөрийтэй тоглоом тоглоод та нэг ч төгрөг олохгүй, хожихгүй гэдгээ хатуу ухамсарламаар байна. Цахим мөрийтэй тоглоом тоглуулагч админ эрхээрээ бүх хүмүүсийн модыг цаана нь харж байгаа. Модыг нь нэг бүрчлэн харж байгаад цааш тоглох боломжтой хүмүүсийг өөрсдөдөө аль болох татаж тоглоомд оруулахыг чармайж байна.
Тэдэнд хэрэглэгч байгаа цагт энэ гэмт хэрэг буурахгүй. Та хэрэглэгч болсон цагт хэзээ ч нэг төгрөг ч хожихгүй шүү гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хиймэл оюун ухаанд тулгуурласан эсвэл ард нь суусан гэмт этгээдүүд таны мөнгийг цэвэр залилан авч байгаа гэмт хэрэг. Тухайн залилж авсан мөнгөөр бусад төрлийн гэмт хэргийг үйлдэх гол шалтгаан нөхцөл болж байгааг иргэд анхаармаар байна.
Та тоглогч байлаа гэхэд тэр этгээдүүдэд таны мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас хэзээ ч та өөрийн мөнгөө буцааж авч чадахгүй. Нөгөө талаас таныг хэдэн цагт, ямар мөнгөн дүнгээр тоглож байгаад тогтмол дүн шинжилгээ хийж байна.
Цаашлаад байр, машинаа барьцаанд тавиулах хүртэл таны шуналыг төрүүлж байгаа. Ингээд таныг томоохон хэмжээний хохиролд оруулаад тухайн цахим мөрийтэй тоглоом алга болох жишээтэй.
Энэ бол Монгол Улсын иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа ноцтой гэмт хэрэг" гэв.