Монгол Улсын Засгийн газрын нээлттэй урилгын дагуу Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.
Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан билээ. Тэрбээр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Тусгай бүтэцтэй нээлттэй хамтран ажиллаж, хүний эрхийг хангах, хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хариуцлагатайгаар биелүүлж буйд талархал илэрхийлээд, Монгол Улс 1992 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш шүүх эрх мэдлийн тогтолцоог сайжруулах, бие даасан хараат бус байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаажээ.
Түүнчлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад төсвийн санхүүжилт хангалттай байх зайлшгүйг тэмдэглээд, олон нийтийн сүлжээгээр шүүгчдийн нэр хүндэд халдах тохиолдол газар авч буйд эмзэглэж, шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд анхаарахыг зөвлөсөн байна. Тусгай илтгэгч Монгол Улсад хийсэн ажлын айлчлалынхаа эцсийн тайланг ирэх оны зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлж, зөвлөмж гаргуулна.