Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл хийх автобус худалдан авахдаа 318 тэрбум төгрөгийг тендер, сонгон шалгаруулалтгүйгээр зарцуулсан асуудалд төрийн өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг худалдан авалтын төсвийг суулгахад “онцгой” нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээн яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Учир нь 2023 оны улсын төсөвт Ж.Сүхбаатарт 339 тэрбум 743 сая төгрөгийг УИХ-аас баталж өгсөн. Тэрбээр энэ мөнгөнийхөө 318 тэрбумаар нь “Ногоон автобус”-г сонгон шалгаруулалтгүйгээр авсан байна.
Гэсэн ч яллагдагчаар татсанаа прокурорын байгууллага нууцалж байгаа бололтой, одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Хэрэв яллагдагчаар татсан бол Ж.Сүхбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д өргөн барих юм.