2023 оны жилийн эцэст нийт экспортын хэмжээ 2022 оноос 25.5 хувиар өсөх төлөвтэй байна. Тухайлбал, Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өслөө. Манай улсын нийт экспортын 83.7 хувийг нүүрсний экспорт эзэлж буй бөгөөд нүүрсний экспортын 83 хувь нь Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар гарч буй юм.
Мөн Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс гадна экспорт 12.5 тэрбум ам.доллар, импорт 7.6 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Уг тоон үзүүлэлтээс үзвэл жилийн эцэст нийт экспорт 14.3 тэрбум ам.долларт, биет дүнгээр 74.6 сая тоннд хүрэх төлөвтэйг харж болохоор байна. Манай улсын нийт импортын 89.4 хувь нь Сүхбаатар, Замын-Үүд, Гашуунсухайт боомтоор нэвтрүүлдэг байна.