Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан нь олны анхаарлын төвд байгаатай холбоотойгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд, тэдний зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгсөн юм. Н.Мишигдорж “Хугацаат цэргийн алба хаагч цэргийн байрандаа нас барсан тухай мэдээлэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт ирсний дагуу холбогдох байгууллагууд хамтран шалгалт хийж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камерт үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжилгээ хийсэн. Мөн цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдөр идсэн хоолноос дээж авч, шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 12-нд талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөө босоод бие тамирын дасгал хийсэн, өглөөний цайндаа орсон, гадаах цас цэвэрлэх, үдийн болон оройн хоолоо идэх, тоондоо хамрагдсан нь тодорхой байгаа. Тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаанд оролцоод 22.34 цагт амралтынхаа байр руу орсон. Арваннэгдүгээр сарын 13-ны 06.00 цагт босох цагтаа босоогүй учир шалгаж, цагдаад дуудлага өгсөн байсан. Хуульд заасан журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй. Талийгаачийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу ангийн камерын бичлэгийг өнөөдөр 13.00 цагт үзүүлнэ” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Хэргийг шалгаж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст ар гэрийнхэн нь өмгөөлөгчийн хамт 13.00 цагт очсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хохирогчоор талийгаач цэргийн аав У.Ганбатыг томилж, эхний мэдүүлгийг нь авсан аж. Энэ үед түүнээс нууцын баталгаа авч цэргийн ангид ирснээс хойших хугацааны камерын бичлэгийг үзүүлэхээр санал болгосон гэнэ. Гэвч тэрбээр өмгөөлөгчийнхөө хамтаар нууцын баталгаанд гарын үсэг зурахаас түр татгалзжээ. У.Ганбат хэвлэлийнхэнд “20 гаруй хоногийн бичлэгийг үзэхэд нэлээд хугацаа шаардагдах юм байна. Тиймээс би өөрийн хүсэлтээр хойшлууллаа. Баскоридорын бичлэг үзэхгүй гэж хэллээ. Бичлэг үзэхээр бол гарын үсэг зур гэсэн. Би эрүүл хүүхдээ өгсөн. Эрүүл хүүхдээ хүлээж авах ёстой байсан. Цэрэгт татах үзлэгээр миний хүүг “эрүүл” гээд авсан. Хэлснээр нь бүгд байгаа бол би камер, задлан шинжилгээний хариу хоёрт л итгэнэ” гэж ярьсан байна.
Тэгвэл Засгийн газрын хуралдааны үеэр эл үйл явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсон аж. Улмаар зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас ХЭҮК-той хамтран хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг томилж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгожээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон