Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн оноос эхлэн жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Үүний дагуу энэ жилийн хоёр дахь элсэлтийн шалгалтын бүртгэлийг явуулж дууссан бөгөөд 5645 төгсөгч хамрагдах нь. Тэдний 3463 нь математикийн шалгалт өгөхөөр сонгосон нь хамгийн өндөр дүн болжээ. Мөн 3124 нь нийгэм судлал, 2853 нь англи хэлний шалгалт өгөх аж. Харин 133 төгсөгч орос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлсэн нь хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна. Өнгөрсөн хавар болон өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид бүртгэлд хамрагджээ.
Уг шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсноор өмнө нь хамрагдсан хүүхдүүд оноогоо ахиулах, эсвэл их, дээд сургуульд дахин суралцах боломж бүрдэж буйг Боловсролын үнэлгээний төвийнхөн тодотгосон. Энэ удаагийн шалгалтыг ирэх сарын 7-10-нд зохион байгуулах урьдчилсан товыг тус төвийнхөн гаргасан аж. Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталгаажуулсны дараа оролцогчдод албан ёсоор мэдэгдэх гэнэ. Ташрамд дурдахад, өнгөрсөн өвлийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5326 төгсөгч бүртгүүлж байв. Тэдний 75 хувь нь Улаанбаатар, бусад нь орон нутагт шалгалт өгсөн юм.
Бэлтгэсэн: М.Оч