Газар зүйн байршил, эрс тэс уур амьсгалтайгаасаа шалтгаалаад Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн эмзэг 10 орны тоонд багтсан. Тиймд бид хавар, намартаа улсаараа хөдөлж, байгууллагаараа, айл өрхөөрөө нэгдэж, хүн нэг бүр эл асуудалд санаа тавьж эхэлсний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сургалтад хамрагдаж, ойлголт мэдээллээ нэмсээр байна.
Хэвлэл мэдээллийнхэн ч дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилтийн эсрэг цуврал нийтлэл, сурвалжилгуудаа бэлтгэж, олон нийтэд хүргэсээр... Ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх дэлхийн үйл хэрэгт бид улсаараа нэгдэж, олон улстай хөл нийлүүлэн алхаж буй гэхэд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо Монгол Улс 2030 он хүртэл нэг тэрбумаар тоологдох мод тарих амлалт өгсөн нь үүний нотолгоо юм. Дээр байгууллага бүр мод тарихад гар бие оролцож буйг дурдсан.
“Оюутолгой” ХК дэлхийн дулаарал, цөлжилт, элсний нүүдэлтэй тэмцэх дэлхийн үйл хэрэгт нэгдэн, бусдыгаа түүчээлж байна. Тодруулбал, тус компани “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 100 сая мод тарих амлалт өгсөн. Ингэхдээ хийх ажлаа дэс дараалалд хуваан нарийвчлан төлөвлөсөн нь сайшаалтай.
Нэн тэргүүнд тэд хангайн бүсийн ойг нөхөн сэргээж, унаган төрхөд нь оруулахаар ажиллаж байна. Тодорхой хэлбэл, Богдхан ууланд 70 га талбайг ойжуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжид Богдхан уулын Түргэний ам дахь түймэрт өртөж, шавжид идэгдсэн 20 га талбайд мод суулгасан байна. Ингэхдээ зүгээр нэг тариад зүгээр орхисонгүй, тухайн хөрсөнд хамгийн сайн тохирох модыг, стандартын дагуу, ойн эрдэмтний дэмжлэгтэйгээр тарьсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхан онцолсон билээ.
“Оюутолгой” ХК Богдхан уулын дээрх хэсэгт нийт 75 000 модыг жишиг тогтоох байдлаар тарина. Хот суурин газартай ойр жишиг ойд хүмүүс аялах, зугаалах боломжийг бүрдүүлэхээр тэд ийн ажиллаж байна. Түймэрт өртсөн ойг сэргээснээр унаган ургамлууд сэргэж, хуучин идээшиж асан амьтад ч эргэн ирнэ хэмээн мэргэжлийнхэн таамаглаж буй. Нээрээ Богдхан ууланд Тарвага, зурам, зараа, мануул, булга, шилүүс, буга, бор гөрөөс, аргаль, янгир тэргүүтэн 56 зүйлийн хөхтөн амьтан бий гэлцдэг билээ.
Дараачид нь, говь, хээр, цөлийн бүсийн элс шар шороон шуурга, газрын доройтлын эсрэг дэд ажиллагаа явуулж буй. Цөлжилтийн эсрэг эл ажлаа Өмнийн говьд эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, өндөр чадамжтай мод үржүүлгийн гурван газрыг говьд байгуулж, ойн мэргэжлийн инженерүүдийг ажиллуулж байгаа гэсэн. Эл үржүүлгийн газраа түшиглэн бусад мод үржүүлгийн газрыг чадавхжуулах, ойн салбарт хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч эхэлжээ. Ингэхдээ тендер зарлаж, мэргэжлийн ойн компаниудыг урьж, сонгон шалгаруулалт явуулж, багаа бүрдүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн компани, шилдэг боловсон хүчнүүд, хамгийн сайн технологиор мод үржүүлж байна.
Мод үржүүлгийн газрыг нарийн технологийн дагуу, өндөр чадамжтайгаар, мэргэжлийн баг хамт олонтойгоор орон нутагт байгуулсан нь ирээдүйд говьд олон олон баянбүрд үүсэх, ойн сан бүрдүүлэх эхлэлийг тавьж буй хэрэг.
Гуравдугаарт, “Оюутолгой” ХК хариуцлагагүй уул уурхай мөрөөр мөшгөж, нөхөн сэргээх ажлуудад ихээхэн хөрөнгө хаяж буй. Эл ажил Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдад хэрэгжжээ. Тэнд эзэнгүй орхигдсон уул уурхайн газар талбай олон бий. Нинжа нар мөнгөн ус ашиглаж, гар аргаар алт олборлосон 230 га талбайд ажилласан. Эвдэгдсэн газруудад эхлээд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Ингэхдээ газрын үе давхаргыг тодорхойлж, таарах хөрс, элс шороо хийжээ. Дараа нь биологийн нөхөн сэргээлт хийсэн. Энэ нь унаган ургамлуудыг сэргээх зорилгоор хөрсөнд тохирох ургамал цацаж, мод тарьсан гэсэн үг. Энэхүү ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлэг нь цар хүрээгээрээ ойн салбарын түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт гэгдэж буй “Эрдэнэт” дэх Ойн генетик нөөцийн төвийн дараа орох томоохон ажил гэнэ. Ийнхүү “Оюутолгой” ХК ойн салбарын дэд бүтцийг сайжруулахаар түүчээ болон ажиллаж байна. Хийсэн ажил нь нүдэнд харагдаж, гарт баригдаж буйд олон нийт ч ам сайтай байгаа юм.
“Оюутолгой”-н хувьд уурхайгаас үр өгөөжөө хүртсэний дараа бүсийн нөлөөлөл, байгаль орчны асуудлууд, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн уурхайн хаалтыг хариуцлагатай уул уурхайн жишиг стандартын дагуу хийх аж.
Ташрамд дурдахад, Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй. Хэдийгээр байгаль орчиндоо маш ээлтэй хандаж ирсэн ч модыг их хэмжээгээр тарьж чадаагүй нь нууц биш. 1990 оноос өмнө Монгол Улс ойгоо тайрч ашиглалт руу төвлөрч ирсэн. Харин сүүлийн 30 жил хамгаалж, нөхөн сэргээхэд анхаарч буй. Цаашдаа манай улс тэрбум мод тарьж ургуулахын зэрэгцээ ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нэмж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн зорилт тавьжээ.