Үндэсний номын сан гэдэг бол тухайн улс, үндэстний түүх, өв соёл, урлаг, утга зохиолын архив, мэдээллийн гол сан байдаг. Үүнийг өөрөөр “улсын ой санамж”, “баримтат өвийн архив” хэмээн нэрлэдэг нь сан хөмрөгт нь түүхэн, ховор, үнэ цэнтэй олон баримт хадгалагдаж байдагтай холбоотой. Тиймээс дэлхийн улсууд үндэсний номын сангаа хамгаалах, хөгжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэн тэлэх, сан хөмрөгийг нь баяжуулах, цаг үеийн хөгжилтэй нийцүүлэн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, баяжуулах зэрэгт онцгой анхаарч, ач холбогдол өгдөг аж. Номын сангууд өмнө нь сурвалж, баримтын тоо, сан хөмрөг дэх цуглуулгаараа өрсөлддөг байсан бол өдгөө үйлчилгээний цар хүрээ, хүчин чадал, технологийн дэвшилт шийдлүүдээрээ “уралдах” болжээ. Хэчнээн үнэ цэнтэй, олон дурсгал, ном товхимолтой байгаад нийтэд хүртээмжгүй, хаалттай бол тэр хэрээр нийгэмд ач холбогдолгүй хэмээн үзэх болсонтой холбоотой гэнэ. Энэ үзүүлэлтийг орчин цагт Америк, Британи, Герман, Канад, Орос, Японы номын сан хамгийн сайн хангаж байна
Лондон хотод байрладаг Британийн үндэсний номын сан жилд дунджаар 1.8 сая хүнд үйлчилдэг гэнэ. Ойролцоогоор өдөрт 4000 гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг гэсэн үг. 170-200 сая ном, сурвалжтай, 2000 гаруй ажилтантай. Харин Вашингтон хотод байрлалтай Конгрессын номын сан жилдээ 1.9 сая хүнд үйлчилгээ үзүүлдэг, ажилтнуудынх тоо 3000 гаруй. 175 сая орчим номтой. Бээжин хотод орших Хятадын үндэсний номын сан жилд 5.2, сард ойролцоогоор 433, өдөрт 14 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг байна. 42.3 сая каталоги бүхий бүтээлтэй, 1500 орчим ажилтантай. Лейпциг, Франкфуртэд салбартай Германы үндэсний номын сан жилд 350 мянга гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг, нийт 700 гаруй ажилтантай. Эдгээр тоо баримтаас улс орнуудын үндэсний номын сан гэж ямар нүсэр бүтэцтэй, өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдгийг баримжаалж болохоор байна. Үүнээс шалтгаалаад номын сангуудад зарцуулдаг төсөв мөнгөнийх нь хэмжээ ч “том” байдаг аж.
УЛАМЖЛАЛАА ГЭЭХГҮЙ, ШИНЭЧЛЭЛЭЭС ХОЦРОХГҮЙ
Үндэсний номын сангуудын дийлэнх нь тухайн улсдаа ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дундаа хамгийн хамгийн том бөгөөд эртнийх байдгийг Олон улсын номын сангийн холбоо (IFLA)-ны мэдээлэлд дурджээ. Энэ нь улс орнууд өөрийн өвөрмөц соёл, бичгийн дурсгалыг хадгалах зорилгоор эртнээс номын сан байгуулж ирсэнтэй холбоотой гэнэ. Тэгвэл орчин цагт ийм номын сангууд уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжихийг гол бодлого, зорилгоо болгож байгааг ч дээрх байгууллагын тайланд онцолсон байна. Тухайлбал, дэлхийн хамгийн эртний, томд тооцогддог Британийн үндэсний номын сан судалгааных гэж хүлээн зөвшөөрөгдтөлөө цахим шинэчлэл хийж, баялаг өгөгдлийн сан бүрдүүлж чаджээ. Британи, Ирландад хэвлэгдсэн ном бүрийн хуулбарыг тус байгууллага олон орны хэлээр, хэвлэмэл болон дижитал хувилбараар архивтаа хадгалдаг байна. Өдгөө тус байгууллагын цахим системд 40 мянга гаруй сэтгүүл, онлайн мэдээллийн 800 орчим сан, эх сурвалж бүртгэлтэй байдаг аж.
Эл номын сан барилга, архитектураараа алдартай учраас Британийн Засгийн газар түүхэн хэв шинж, дүр төрхийг нь алдагдуулахгүй байхад гойд анхаарч ирсэн гэнэ. Гэхдээ дотоод хэсгийг нь орчин үеийн хэв маягаар засаж, тохижуулсан нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцжээ. Мөн ном боловсруулах механик систем (MBHS)-ийг нэвтрүүлсэн нь олон улсад үлгэр жишээ санаачилгад тооцогдож байна.
ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Номын санг зөвхөн ном хадгалах, унших зориулалттай газар гэж ойлгодог, хардаг хандлага орчин цагт өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг номын сангууд хийж буй. Эл төрлийн байгууллагууд хөгжихийн хэрээр үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, иргэд, олон нийтэд соёл, боловсролын олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг болсон. 83 000 ам метр талбай бүхий, өндрөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог 24 давхар барилгад үйл ажиллагаа явуулдаг Шанхайн номын сан гэхэд хүртээмжтэй байдал, дэвшилт шийдлээрээ олон улсад сайны жишээ болсоор иржээ. Бусад номын санд байдаг нийтийн болон бие даасан уншлагын танхим тэнд мэдээж бий.
Үүнээс гадна үзэсгэлэн, семинар, хурал зөвлөгөөн, уулзалт зохион байгуулах, амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх, судалгаа хийх зориулалттай, нэгдсэн удирдлагын системтэй олон танхимтайгаараа давуу талтай. Мөн гар утаснаас ном, LCD дэлгэцээс тогтмол хэвлэл унших зориулалттай танхим байгуулж, цахим шуудан, хайлт, лавлагааны цогц үйлчилгээг нэвтрүүлснээрээ онцлог аж. Уг байгууллага 52 сая орчим ном, сонин, тогтмол хэвлэл, патент, стандарт болон бусад материалаас бүрдсэн цуглуулгатай. Мөн архивт нь 18 мянга гаруй удмын бичиг хадгалагддаг учир Хятадын хамгийн баян номын санд тооцогддог байна. Шанхайн номын сан жилийн 365 өдөр нээлттэй байдаг бөгөөд бүх давхаргын хүнд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг. Тус номын сан шинэ үйлчилгээ нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч ирснийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн “Нэг картаар”, “Шанхайн мэдээллийн үйлчилгээний нэгдсэн платформ”, “Хятадын сонин, тогтмол хэвлэлүүдийн үндэсний индекс”, “Шанхай хотын санах ойн сан” зэрэг төсөл, хөтөлбөрөөс харж болно.
ХОТЫН АМИН СҮНС, ЖУУЛЧЛАЛЫН ГОЛ МАРШРУТ
Үндэсний номын сангууд нь улсынхаа түүх, соёлын баримтат өвийн архив, барилга, архитектурын хосгүй дурсгал байдаг учир тухайн хотынхоо амин сүнс, аялал жуулчлалын гол маршрутад багтдаг. Британийн үндэсний, АНУ-ын Конгрессын номын сан гэхэд Лондон, Вашингтонд очсон гадаадын жуулчдын хувьд очвол, үзвэл зохих түүхэн байгууламжийн нэгт тооцогддог. Гадаадынхны нүдийг хужирлах зорилгоор эртний хийц, загварыг нь хадгалан үлдсэн, орчин үеийн жишгээр шинэчлэн тохижуулсан, урлагийн бүтээл шиг гоёмсог, хараа булаам номын сан ч цөөнгүй. Тухайлбал, Парис дахь Ариун Женевьевагийн, Германы Штутгарт хотын, АНУ-ын Нью-Йоркийн, Прага дахь Страхов номын сан хүн төрөлхтний гайхамшигт өв, соёлын дурсгалд тооцогддог билээ. Тэдний араас жагсах үлгэр жишээ номын сан олон. Зөвхөн эдгээрийг үзэх гэж, үзэсгэлэнт барилгынх нь өмнө, өвөрмөц интерьер бүхий танхимд нь зургаа авхуулах гэж очдог жуулчин өчнөөн бий. Номын сан бол тухайн улс, хотын амин сүнс, жуулчдыг татдаг соёлын бүтээгдэхүүн яалт ч үгүй мөн.
ХАРИН МОНГОЛД...
Дээрх мэдээллүүдээс улс орнууд номын сан, тэр дундаа үндэсний хэмээх тодотголтой ийм байгууллагынхаа хөгжилд хэр зэрэг анхаардгийг уншигчид баримжаалсан болов уу. Мөн орчин цагийн номын сангууд ямар түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа талаар багахан ч болов мэдээлэл авсан байх. Эдгээрийг ойлгож, мэдсэн бол Монгол Улс Үндэсний төв номын сандаа хэр хайхрамжгүй, сэтгэлгүй хандаж ирснийг ч ойлгосон болов уу. Монголын үндэсний номын сан дэлхийн бусад улсынхтай харьцуулахад хэмжээгээр жижиг, үйл ажиллагааны цар хүрээ нь хумигдмал, харьцангуй залуу боловч сан хөмрөг дэх цуглуулга нь хосгүй үнэ цэнтэй. Нэгэн судлаач тус номын санг хадгалж буй өв эрдэнэсээрээ Лхасын Бодала ордонтой эн зэрэгцэнэ хэмээсэн нь бий. Харамсалтай нь, манай улсын Засгийн газар энэ их өв эрдэнэсийг агуулж буй номын сангийнхаа үйл ажиллагааг өргөтгөн сайжруулах, дэлхийн жишиг, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, барилгыг нь засаж шинэчлэх, хамгаалах чиглэлээр дорвитой ажил хийлгүй өдий хүрэв. Тус номын сангийн үйл ажиллагааг өргөтгөж, шинэ байртай болгоно гэж яриад лав 10 орчим жил болж байна.
НЭГ БАРИЛГАТАЙ 10 ЖИЛ “ЗУУРАЛДАВ”
Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажлыг Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг, бидний нэрлэж заншсанаар АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо 2014 онд эхлүүлсэн байдаг. Тухайн номын сангийн барилгын чанар муудсанаас ашиглах боломжгүйд хүрсэн учир үйл ажиллагааг нь өргөтгөх зорилгоор шинийг барих болсон юм. Гэвч эл барилгын ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Засгийн газар солигдох тоолонд ажлыг нь удаашруулж, шаардлагатай төсвийг нь танаж хассаар 10 он дамжуулав. Үндэсний номын сангийнхан 100 жилийн ойн баяраараа буюу 2021 онд шинэ байрандаа нүүж орох зорилготой буйгаа одоогоос дөрвөн жилийн өмнө ярьж байв. Харамсалтай нь, коронавирусний нөхцөл байдлын улмаас барилгын ажил саатаж, энэ төлөвлөгөө нь талаар болсон.
Мөн гүйцэтгэгч компанийнхан энэ оны аравдугаар сард номын сангийн шинэ барилгыг Улсын комисст хүлээлгэж өгөхөөр тов гаргасан ч ажлаа мөн л тогтсон хугацаандаа дуусгаж амжаагүй. Өдгөө тэд барилгыг ашиглалтад хүлээлгэж өгөх сүүлийн хугацааг “2023 оны арванхоёрдугаар сар” гэж тогтоод буй. Соёлын дэд сайд М.Батбаяр “Энэ оны арванхоёрдугаар сард Үндэсний төв номын санг нүүлгэх, шилжүүлэх боломжтой болно. Нийт 14 багц тоног төхөөрөмж авах тендер зарласнаас 12-ыг нь нийлүүлж, суурилуулж байна. Сүүлийн хоёр багцын худалдан авах ажиллагааг зарласан” гэж ярьсан юм. Гэлээ ч тэдний үгэнд итгэх аргагүй. Барилгын ажил хугацаандаа дуусах, эсэх нь эргэлзээтэй. Өнгөрсөн хугацаанд яг л ийм байдлаар хэдэнтээ цаг товлож, молиго үмхүүлсээр ирсэн билээ.
ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ
Үндэсний төв номын сан зургаан сан хөмрөг, уншлагын, төрөлжсөн нийт таван танхимтай, 3.5 сая орчим номтой. Жилд дунджаар 5000 орчим хүнд үйлчилдэг. Нийтийн уншлагын танхим нь ердөө 100 хүний суудалтай бөгөөд өдөрт давхардсан тоогоор 80-150 иргэнд л үйлчилдэг. Зай талбай давчуу, суудал, багтаамж нь бага учраас номын сангийнхан хүчин чадалдаа тааруулан хүртээмжгүй үйл ажиллагаа явуулж буй. Харин шинэ байртай болсноор нэг дор 450 хүн хүлээж авах боломж бүрдэх гэнэ. Мөн дэлхийн бусад орны жишгээр олон улсын стандарт хангасан, техник, технологийн шийдэл нэвтрүүлсэн, уншлагын зориулалттай болон соёлын бусад төрлийн үйл ажиллагаа явуулах 16 танхимтай болох аж. Соёлын өвийн дурсгалуудыг дэлхий нийтийн жишгээр аюулгүй орчинд хадгалан хамгаалах, олон улсад үйлчилгээ үзүүлэх, цахим номын санг хөгжүүлэх нөхцөл бүрдэхийг ч удирдлага нь онцолсон.
Үндэсний төв номын санг шинэ байр луу нь нүүлгэн шилжүүлбэл хуучин барилгыг нь яах вэ. Энэ асуудал нийгэмд талцал үүсгэж, элдэв хардлага дагуулж байгаа. Соёлын сайд Ч.Номин “Хуучин барилгыг эрдэм шинжилгээ, судалгааны номын сангийн зориулалтаар ашиглана” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин нийслэлийнхээ түүхэн ой санамж болсон олон барилгыг “хулгайд алдсан” иргэд үүнд тийм ч амар итгэхгүй байна. Үндэсний төв номын санг анх байгуулахдаа 500 мянган номтой байхаар төлөвлөж барьсан гэдэг. Өдгөө энэ даацаас долоо дахин их номтой болсон. Тэгвэл үүнийг цөөлж, барилгад нь их засвар хийсний дараа эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглаж, түүхэн байгууламжаа хадгалан үлдэх боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлж буй юм. Дөрвөн удаагийн шалгалтаар “Ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн” дүгнэлт авсан номын сангийнхаа барилгад нэг ч удаа засвар, шинэчлэл хийгээгүй, шинэ байртай болгох гэж бүтэн 10 жилийн турш мунгинасан, сэтгэлгүй, хайнга, дүлий төр нь үүнийг хэрэгжүүлдэг л байгаа даа.