Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил" болгон зарласан. Боловсролын үнэлгээний төвөөс гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгуулж, үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан үзүүлэлттэй байна. Энэ хичээлийн жилд гурав болон дөрөвдүгээр ангид математикийн Эдүтэн платформ, тав болон зургадугаар ангид англи хэлний Пийрсон платформыг нэвтрүүлсэн.
Хоёр долоо хоног, хоёр сар зарчмыг баримтлан багш бүр платформоо ашиглах, арга зүйгээ сайжруулах, сургууль бүр орчин нөхцөлөө бүрдүүлэх гээд ес, аравдугаар сар бэлтгэл ажлаа хангахад анхаарчээ. Эдүтэн, Пийрсон платформууд багш нарын ачааллыг бууруулж, хичээл, сургалтын үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад бодитой дэмжлэг болно гэж салбар яамнаас үзэж байна.
Хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг дэмжих After school платформ туршигдаж байна. Мөн хоёрдугаар улирлаас эхлэн Aplus аппликэйшнээр дамжуулан сурах бичгээ захиалж, авна. Түүнчлэн арванхоёрдугаар сараас багш нар өөрийн хэрэгцээтэй модулийг сонгон суралцаж, ажлын байрандаа тасралтгүй хөгжих эрхээ эдэлнэ. 2022, 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээ, 2022 оны модуль сургалтад хийсэн мониторингийн үндсэн дээр багшийн хөгжих хэрэгцээг тодорхойлон, хэрэгцээтэй модулиудыг боловсруулжээ.