УИХ-ын, Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарыг нүүрсний гэх хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэмээн яллагдагчаар татсан билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэдэнд холбогдох хэргийг энэ оны дөрөвдүгээр сард шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлснийг дээрх хоёр яллагдагч, тэдний өмгөөлөгч нар гомдол гаргаж УЕПГ-ын холбогдох албан тушаалтнууд хянаж шийдвэрлэснээр өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хамт хүргүүллээ.
ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Ташрамд дурдахад, Цогтцэций сумаас Говьсүмбэр хүртэл нүүрс ачсан хүнд даацын машин явахаа больсноор нутгийн малчид, иргэд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд талархаж буй гэсэн.
З.Энхболд яллагдагчаар татагдсанаасаа хойш хилээр гарах хүсэлт гаргасан ч дээрх шүүхийн шүүгч хүлээж аваагүй билээ. “Монголын теннисний холбооны ерөнхийлөгчийн хувиар АНУ руу зорчих ажилтай болсон” хэмээн тэрбээр шүүхэд хүсэлт гаргасан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.