Засгийн газрын 362 дугаар тогтоолын дагуу экспортын болон дотоодын нүүрс худалдах, худалдан авах гэрээ бүрийг “цахим төлбөрийн баримтын систем”-д бүртгүүлэх шаардлага тавих болсон. Энэ тогтоолын хүрээнд Энержи Ресурс ХХК нь уг тогтоолын хэрэгжилтийг хангах, ЗГ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нийцүүлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн гэрээ тус бүрийн мэдээллийг уг цахим системд оруулан ажиллаж байна.
Энержи ресурс ХХК-ны зах зээл судалгаа, борлуулалт дэмжих албаны ажилтан Т.Должинсүрэнгээс тодруулахад “Цахим төлбөрийн баримтын систем”-д экспортын болон дотоодын эрдэс баялгийн худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлснээр ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх бүхий л дамжлагууд нээлттэй ил тод болно.
Мөн татвар талаасаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн баримт цахимаар үйлдэгдэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан цахимаар бэлтгэх юм. ГЕГ-ын Гаалийн төв лабораториос олгогддог ашигт малтмалын экспортын магадлан шинжилгээний дүгнэлт болон Монгол улсын хилээр экспорт хийх гаалийн хяналт, бүрдүүлэлтийг энэхүү системээр үйлдэж байна. Ингэснээр эрдэс баялгийн гэрээ бүхий л шатандаа ил тод болсны зэрэгцээ цаас "үйлдвэрлэдэг" байсан баримт бичиг, зөвшөөрөл, гаалийн бүрдүүлэлт зэрэг цахимжиж цаг хугацаа хэмнэсэн бодитой ажил болсон" гэх мэдээллийг өглөө.