Ардчилсан намын даргын тушаалаар байгуулсан “ногоон автобус”-ны хэргийг шалгах ажлын хэсгийнхэн өчигдөр тайлангаа танилцуулав. Тэд олон удаа шаардсаны эцэст холбогдох байгууллагуудаас хагас дутуу зарим баримт, материал авчээ. Гэхдээ энэ нь шинэ хэмээн тодотгоод засаж, будсан 100 хуучин автобусных биш, голдуу өмнөх гэрээ байсан гэнэ. Ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга “2022 оны хоёрдугаар сард нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор “түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатарын багцад 318 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөн. А/04 тушаалаар сайд уг мөнгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шилжүүлсэн.
Д.Сумъяабазар дарга үүнийг захиран зарцуулах эрхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-т шилжүүлсэн гэж буй. Гэвч эдгээр баримтаа бидэнд ирүүлээгүй” гэлээ. НХААГ нь ажлын хэсэг байгуулаад, нийслэлийн Засаг даргын захирамж болон ҮАБЗ-ийн чиглэлийг үндэслэн “Тэнүүн-Огоо” ХХК-тайшууд гэрээ хийж, төлбөрийн 30 хувийг нь урьдчилан шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 27-нд “Тэнүүн-Огоо” ХХК-тай гэрээ хийж, 816 ширхэг автобусыг 317.9 тэрбум төгрөгөөр авахаар болсон байна. Үүнд дизель хөдөлгүүртэй606 том, 50 дунд, цахилгаан хөдөлгүүртэй, том оврын 160 автобус болон үүний41 ширхэг цэнэглэгч авна гэжээ. Гэтэл хоёрдугаар сарын 10-нд гэрээнд нэмэлт оруулж, дизель хөдөлгүүртэй зургаан автобусыг нь хассан атал мөнгөн дүн нь өөрчлөгдөөгүй. Үүнээс зургаан автобусны хоёр тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон гэнэ. Нийслэлийн Засаг дарга Сангийн яаманд эрх шилжүүлэх хүсэлт гаргаж, урьдчилгаа төлбөрийн санхүүжилт болох 82 тэрбум төгрөгийг олгооч гэсний дагуу Сангийн яам “Тэнүүн-Огоо”-д мөнгийг шилжүүлсэн. Үүнээс хойш өнгөрсөн есдүгээр сар болтол нийт 134.5 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 42 хувийг тус компанид шилжүүлсэн юм байна.
“Тэнүүн-Огоо” компанид шилжүүлсэн нийт мөнгөний задаргаа:
- 2022.03.07-нд гэрээний30 хувийн урьдчилгаанд зориулж 81.6
- 2023.06.23-нд 20 цахилгаан автобусны төлбөрт 12.5
- 2023.08.18-нд дизель 20, цахилгаан 15 автобус, 10 цэнэглэгч авахад 16.9
- 2023.08.29-нд дунд оврын 20 автобусны төлбөрт 10.9
- 2023.09.27-нд 20 цахилгаан автобус авсны төлбөрт12.5 тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна.
Ийм мөнгийг тэдэнд өгсөн ч гэрээнд заасан 810 автобуснаас 16 хувийг нь буюу 52.9 тэрбум төгрөгийн барааг хүлээн авсан юм байна. Харин урьдчилгаанд өгсөн 82 тэрбум төгрөг сох дутжээ. Ингээд “ногоон автобус”-ны хэрэг илэрч, хотын захирагч болон “түгжрэлийн сайд” албан тушаалаасаа огцорсон. Хотын луйвар, авлигыг илчлүүлэхээр томилсон нийслэлийн шинэ Засаг дарга анхны А/1223 тоот захирамжаараа шууд гэрээгээр гүйцэтгэсэн ажил 100 хувь биелсэн гэж дүгнээд хаасан гэнэ. Өөрөөр хэлбэл, урьдчилгаанд өгсөн 82 тэрбум төгрөгөөр ажил хийсэн гэж дүгнэжээ. Ямар “ажил” гүйцэтгэсэн тухай мэдээллийг АН-ынханд өгөөгүй аж. Ц.Уянга энэ талаар “Уг үйлдлээрээ хотын захирагч Төсвийн тухай хуулийг зөрчсөн.
Д.Сумъяабазарын “ногоон баас”-ыг цэвэрлэхээр Х.Нямбаатар очсон юм байна гэж бид хардаж буй. Мөн дундуур нь зургаан автобус хассан атлаа мөнгийг нь “алга болгосон” жижиг луйвар ч гарсан байна. Оруулж ирсэн цахилгаан хөдөлгүүртэй автобуснууд нь техникийн найман шаардлагыг хангаагүй атал дүгнэлтэд нь “хангасан” гэж үзсэн. Энэ тухайгаа хавсралтаар тайлбарласан гэсэн ч түүнийгээ бидэнд өгөөгүй. Тэгэхээр шууд худалдан авах гэрээ бол төсвөөс яаж хулгай хийдгийн баталгаа. Нийт мөнгөний42 хувийг хувийн компанид шилжүүлчхээд үлдсэн “цавчаа”-гаа2023-2024 оны төсвөөр хийх гэж байгаад баригдчихжээ. Төсөв захиран зарцуулагч нар хяналтаа тавих үүрэгтэй ч дунд түвшний болон хувийн компанийн хэдэн хүнд хариуцлага тохоод, тэр хооронд төсвийн хэдэн арван тэрбум төгрөг алга болоод дуусах нь” гэсэн юм. Дутуу материалуудыг тэд байнга шаардана гэдгээ хэлсэн.