“Оюутолгой” ХХК 2023 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа. Тус улиралд 18 хүдэр буулгуурыг тэсэлж, нийт хүдэр буулгуурын тооо 72 болжээ. Улмаар 127 419 тонн баяжмал дахь зэс, 135 646 унц баяжмал дахь алт үйлдвэрлэлээ.
2023 оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өслээ. Мөн тус улиралд 1.73 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.39 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулжээ. “Оюутолгой” компани III улиралд 1.2 тэрбум ам.долларын орлого олжээ.
2010 оноос хойш нийт 4.2 тэрбум ам.доллар буюу 9.9 их над төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. Үүнээс 2023 оны гуравдугаар улиралд 1 их наяд төгрөгийг төлсөн байна. Орон нутгийн тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд нийт 26.5 тэрбум төгрөг зарцуулсны 43 хувийг дэд бүтэц, 39 хувийг боловсролын чиглэлд зарцуулжээ. Дотоодын худалдан авалтад 2010 оноос хойш 26.9 их наяд төгрөгийг төлсөн. Харин ус ашигласны төлбөрт гуравдугаар улиралд 161 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
2028-2036 оны хооронд жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500 мянган тоннд хүргэхээр төлөвлөсөн. Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил 75 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Туркойз Хиллийн 49 хувийн хувьцааг Рио Тинто нэмэлтээр худалдан авснаар “Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 66 хувийг дангаар эзэмших болсон. Тус шийдвэрийн хэрэгжилт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байна.