Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Оюутолгой-Монгол Улсын Засгийн газар хоорондын харилцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-аар дамжуулан, урьдчилсан байдлаар шийдвэр гаргадаг байх асуудлаар мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил нээлтээ хийсэнтэй холбоотойгоор зардал өссөн асуудал яригдсан. “Оюутолгой” ХХК-ийн зүгээс зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүсэлт удаа дараа ирүүлсэн ч Засгийн газраас зөвшөөрсөн хариу өгөөгүй байна. Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой-Монгол Улсын Засгийн газар хоорондын харилцааг хариуцсан ажлын хэсгийг ахалж байсан. Түүнийг хотын дарга болсноос хойш надад дээрх асуудлыг хариуцуулсан. Улмаар арваннэгдүгээр сарын 6-нд ажлын хэсгийг хуралдуулж, тодорхой тайлбар авсан. Ингээд мэргэжлийн бизнесийн байгууллага буюу “Эрдэнэс МГЛ” ХХК-ийг Рио Тинто групптэй шууд харилцаж, бизнесийн асуудлыг урьдчилсан байдлаар ярьж, хэлэлцдэг байх асуудлыг Засгийн газрын зүгээс тавьж байна. Өөрөөр хэлбэл, Улс төрийн шийдвэр алдаа дутагдал ихтэй учраас бизнесийн байгууллагууд эхний ээлжинд асуудлаа хэлэлцдэг, үр дүнг Засгийн газарт танилцуулж, эцсийн шийдвэр гаргадаг болох юм. “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК-ууд хоорондоо эдийн засгийн үр өгөөж, хувьцаа эзэмшигчдэд ашигтай байдал, хэлбэрийг тодорхой болгож танилцуулсны үндсэн дээр Засгийн газар шийдвэр гаргана гэсэн үг” гэлээ.
Энэ хүрээнд гурван дэд ажлын хэсгийг байгуулжээ. Санхүү татвартай холбоотой асуудлыг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлыг хэсэг, Арбитрын шүүх дээр явагдаж байгаа маргаан, Монгол Улсын Засгийн Газраас гаргасан сөрөг нэхэмжлэл зэрэг асуудал хариуцсан Хууль эрхзүйн ажлын дэд хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Далд уурхайн бүтээн байгуулалт болон бусад олборлолтын үйл ажиллагаатай холбоотой техник, технологийн ажлын хэсгийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Наранцогт ахлах юм байна.