“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын хоёр дахь өдөр буюу өчигдөр оролцогчид төмөр замын салбарын талаар хэлэлцлээ. Форумыг нээх үеэрээ Зам, тээврийн хөгжлийн сайд 2019-2023 онд 905 км төмөр зам барьж, манай улсын төмөр замын сүлжээ 2020 км болж өргөжсөн гэв. Энэ оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 39 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Цаашид Ханги-Мандал, Арцсуурь-Цагаантолгой зэрэг шинэ гарц нээхээр ажиллаж буй аж. Мөн хил холболтын төмөр замууд барьж, шинэ гарцуудыг нээснээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ хэмээн тооцсон байна.
Монгол Улсад хэрэгжүүлэх төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг салбарын сайд дуулгав. Тухайлбал, төв коридорын “Багахангай” өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотын баруун урд талаар Богдхан уулын өвөрт байрлах Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайран тойрон гарч, “Мандал” өртөөтэй холбогдох 144.8 км төмөр замын төсөл хэрэгжүүлснээр нийслэл дундуур аюултай ачаа тээвэрлэхгүй болж, түгжрэл буурах, тээвэр ложистикийн төв байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй аж. Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад хөрөнгө оруулах боломжтойг мөн хэллээ. Монгол Улс баруун, зүүн төмөр замын шинэ коридортой болбол жилд тус бүр нь 25-30 сая тонн ачаа тээвэрлэх, үүний 10-15 сая тонн нь транзит ачаа байх боломжтой гэж тооцжээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал