УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төслийн талаар “Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цагаас есөн км цаг болж буурсан. Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ байдал үргэлжилбэл 2040 онд тэг зогсолт болох нь. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоо гарсан. Нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт, иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлагад үндэслэн түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, бүсийн тогтолцоо бий болгох нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт тавив.
Авто замын хөдөлгөөн зөрчсөн хүмүүст нийт 105 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч 26.5 хувь нь л төлжээ. Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нь зөв гэсэн саналыг хэд хэдэн гишүүн хэлсэн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Торгуулиа төлөөгүй иргэдийн төрийн үйлчилгээ авах зарим эрхийг хязгаарлах талаар ярилцаж байгаа” гэсэн хариулт өгсөн. Мөн нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулаад дуусаж байгаа, барилгажих талбай 70:30 байсныг төсөлд 60:40 болгон өөрчилж оруулсан, хотхонуудыг тойрсон 30 км хашааг буулгаснаар гэмт хэрэг зөрчил буурсан гэлээ. Улаанбаатар хотын төлөвлөлтийн өнгөрсөн 30 жилийн алдааг засахаар хариуцлага тооцож эхэлсэн аж.
Түгжрэл ихтэй бүсэд зорчих тарифын талаар хэд хэдэн гишүүн асуув. Х.Нямбаатар “Олон улсад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэл 15-20 хувиар буурсан тооцоо бий. Тухайн бүсэд оршин суугчдыг төлбөрөөс 90 хувь чөлөөлнө. Нийтийн тээврээ шинэчилж, зогсоолын менежментээ хийж, хурдны тойрог замаа эхлүүлсний дараа төлбөртэй бүс тогтооно. Өнөө, маргаашгүй төлбөртэй болгож, 27 мянган төгрөг авах гээгүй. Бид эхний ээлжид нийслэлийн замын 18 уулзварыг шинэчлэхээр төлөвлөж байна. Мөн хуулийн төслийн гол зорилго нь утааг бууруулахад чиглэсэн. Баянхошуу, Толгойт, Долоон буудлаас урагш Хайлааст, Дэнжийн мянга орчимд нүүрсхүчлийн хий хамгийн их байна. Тэнд амьдардаг иргэдтэй тохиролцоод газрыг нь чөлөөлж чадвал 12 мянган айлын орон сууц барина. Ингэснээр 700 га газрыг дахин орон сууцжуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Түүнчлэн их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар олгосон А зөвшөөрлийг өөр газар болгон өөрчилнө” гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ногоон автобус”-ны хэрэгт ямар хариуцлага тооцож байгааг асуухад “Шинэ автобус худалдан авах тендерийг энэ сарын 23-нд зарлана. Энэ ондоо багтан, гэрээ байгуулж, нийлүүлэх боломжтой. Үнийн саналаас шалтгаалж 650-700 орчим автобус худалдан авахаар тооцож байна. Ногоон автобусыг хүлээж авахгүй. Үүний урьдчилгаа төлбөрт 130 тэрбум төгрөг өгсний 77 тэрбумд нь хууль хяналтын байгууллага шалгалт явуулж буй. Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шууд худалдан авахаар нэг удаагийн үйлчлэлтэй хууль оруулж ирж байгаа юм. Харин гамшиг, осол гарсан тохиолдолд шууд худалдан авахаар зохицуулж байна” гэж ажлын хэсгийнхэн хариулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн энэ өдөр ХҮН намынхан эдгээр хуулийн төслийг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийсэн. Тэд нийслэлийн 1.7 сая иргэн, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж буй асуудлыг шийдэх гэж байж зөвшилцөлгүй шууд оруулж ирснийг буруутгав. “Хотын төвөөр өдөрт 27 мянган төгрөг төлж зорчих бол сард 900 мянган төгрөг болно. Мөн 1500 А зөвшөөрлийг өөрчлөх тухайгаа барилгын салбарынхантай ярилцаагүй. Эдгээр төслийг яаралтай горимоор хэлэлцэх шаардлагагүй, эхлээд санал авч, ярилц” гэж шаардсан юм.
“ӨӨРСДИЙН АЛДААГ ХААЦАЙЛАХЫН ТУЛД УВАЙГҮЙ АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙНА”
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож, 400 автобус авахдаа улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” хэмээн ярьсан аж. Энэ талаар АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт мэдээлэл хийж, “2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Үүгээр нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах нийт 38.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасан юм.
Улмаар 63 дугаар тэмдэглэл гарч, өвлөөс өмнө нийтийн тээврийн 400 автобусыг богино хугацаанд нийлүүлэх хязгаарлагдмал тендер зохион байгуулахыг Х.Баттулга сайдад үүрэг болгосон. Хязгаарлагдмал тендерт зөвхөн “Daewoo bus global” компани санал ирүүлсэн ч үнэлгээний хорооноос шаардлага хангаагүй гэж үзээд татгалзсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хязгаарлагдмал тендер зарлахад нэг ч компани тэнцээгүй бол шууд гэрээ хийх эрх нээгддэг. Тиймээс Сангийн яам зөвшөөрөл өгсөн. Бүх зүйлийг хуулийн дагуу шийдсэн. Нууцад авч байгаад шууд гэрээгээр хийсэн тендерүүдээ халхлахын тулд хууль номоор зохион байгуулсан анхны тендертэй холбоотой бичиг баримт дээр миний биеийг болон АН-ыг холбож буйг эсэргүүцэж байна. Өөрсдийн алдаа, дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүй” гэв.