Сурагчдын амралт энэ сарын 6-нд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой зарим арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе.
ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦООРОЙ
Ч.Галсангийн “Аянгат цагийн тууж” бүтээлийн номын тэмдэглэл, гэрэл зургийн уралдааныг “Book and travel”, “Nojo рublishing”-аас хамтран зохион байгуулж байна. Тус уралдаанд оролцохын тулд номын тэмдэглэл, гэрэл зургаа “Bookcafe Mongolia” бүлгэмд #аянгат цагийн тууж хаш тагтай нийтлэх ёстой. Шагналын сан нь дөрвөн сая төгрөг гэнэ. Номын тэмдэглэлд тэргүүн байр эзэлсэн оролцогчид мөнгөн шагнал, Хагийн хар нуур луу аялах эрхийн бичиг гардуулах аж. Бүтээлийг шалгаруулахдаа олон нийтийн хандалт, бичлэгийн хэлбэр, ур чадвар, зохиолын үндсэн агуулгыг оновчтой уран илэрхийлсэн байдал зэргийг харгалзах гэнэ. Хүлээн авах хугацаа нь энэ сарын 15.
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН НААДАМТАЙ
Монгол хүүхдийн урлан бүтээх төв, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран Хүүхдийн дүрслэх урлагийн наадмыг зохион байгуулна. Уралдааны зорилго нь Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, эх түүх, соёл иргэншлийг монгол хүүхэд багачуудад таниулах, тэдний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, оюуны бүтээлийг дэмжих замаар хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх аж. Бүтээлийн сэдэв нь 1-3 дугаар ангийн сурагчдад “Миний төсөөллийн Солонгос орон”, 4-6 дугаар ангийнханд “Солонгос улсын орчин үеийн соёл урлаг”, 7-12 анги бол “Монгол, Солонгосын соёл урлаг” байх бөгөөд уран зураг, гар урлалын төрлөөр уралдаан зохион байгуулах аж. Бүтээлийг энэ сарын 17 хүртэл хүлээн авна. Наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхдийн урлан бүтээх төвийн цахим хуудаснаас авах боломжтой.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУД АЖЛАА ТАНИЛЦУУЛАХ НЬ
НҮБ-ын Хүүхдийн сан, Соёлын яам хамтран “Хүүхдийн ертөнц бүтээлч орон зай” өдөрлөгийг энэ сарын 20-нд зохион байгуулна. Тус үйл ажиллагаагаар хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ажлаа танилцуулна. Мөн оролцогчдын дундах тэмцээн, урлагийн үзүүлбэр зэргийг өдөрлөгийн хөтөлбөрт багтжээ. Энэ арга хэмжээ “Zaisan Hill”-д болно. МОНГОЛ, ЯПОНООР НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛЖ ӨРСӨЛДӨНӨ Монгол, Японы төв номын сангаас “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд номын тэмдэглэл хөтлөх уралдаан зарлажээ. Бүтээлийг энэ сарын 6-20-нд хүлээн авах юм байна. Уралдаанд оролцоход сэдэв чөлөөтэй. Монгол, эсвэл япон хэлээр номын тэмдэглэл хөтлөхөд л болно. Нэг оролцогч дээд тал нь хоёр бүтээлээр оролцох боломжтой. Бүтээлийн зургийг тод, чанартай авч, дээрх төвийн цахим хуудас руу илгээнэ.
“БУМ” ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ
Уран зураг сонирхдог сурагчдын оролцох боломжтой үйл ажиллагаанаас сонирхуулъя. Уран бүтээлч Л.Бумандоржийн “Бум” үзэсгэлэнг “B сontemporary” арт галерейд нээлээ. Үзэсгэлэнг энэ сарын 26 хүртэл дэлгэх нь. Тэр бээр өнөөгийн нийслэлийн дүр төрхийг бүтээлдээ тусгажээ. Л.Бумандоржийн хийсвэр зохиомжууд байгаль дээрх үзэгдлүүд, эргэн тойрон дахь зүйлсээ урлагаар илэрхийлдгээрээ онцлогтой. МУЗЕЙ ҮНЭГҮЙ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн музейд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй болсон юм. Тиймээс сурагчид чөлөөт цагаараа үе үеийн түүхийг гэрчилсэн бүтээлүүдийг үнэ төлбөргүй үзэж, сонирхох боломжтой. Гэхдээ одоогоор “Чингис хаан” музей засвартай байна. Харин бусад музейг үзэх боломж нээлттэй.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн