ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатараас Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа болон хөрөнгө санхүүтэй холбоотой дараах зүйлийг тодрууллаа.
-Манай улс Хүүхдийн төлөө сан байгуулаад гурван жил боллоо. Үүнийг байгуулах болсон гол шалтгаан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Харамсалтай нь, өнөөдрийг болтол энэ сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулж юу ч хийсэнгүй. Ийм сан байгуулсны хэрэг гарсангүй гэж үзэж байна. Та юу гэж дүгнэх вэ?
-Монгол Улс 2021 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тусгай сангийн, Хүүхэд хамгааллын, Авто тээврийн тухай зэрэг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны үндсэн дээр Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулсан. Энэ сангийн хөрөнгийг үндсэн гурван чиглэлээр зарцуулахаар журамд тусгасан. Тодруулбал, бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих, олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдаанд амжилт гаргасан сурагчдыг шагнаж урамшуулах, мөн ийм арга хэмжээнд оролцох эрх авсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна хэмээн журамласан. Бид үүний дагуу л тус сангийн хөрөнгийг зарцуулж ирсэн. Ялангуяа сүүлийн хоёр чиглэл буюу амжилт гаргасан сурагчдыг урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулаад буй. Харин хамгийн эхний чиглэл болох хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулаагүй байна.
Хуулиараа Хүүхдийн төлөө сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (сүүлд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгосон) хариуцаж байгаа. Тус газар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл шалгаруулахаар 2021 онд улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тэр үед ирүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн дийлэнх нь сургууль, цэцэрлэг, хүүхдийн ордон, хөгжлийн төвүүдэд засвар шинэчлэл хийх санал байсан. Одоо үйл ажиллагаа явуулдаг, улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудтай холбоотой, санал оруулсан ажлуудыг нь ч төсвийн хөрөнгөөр шийдчих боломжтой байсан юм. Тиймээс ажлын хэсгийнхэн “Улсын төсвийн хөрөнгөөр шийдчих боломжтой зүйлд санхүүжилт олгохоос илүү томоохон бүтээн байгуулалтыг дэмжье, Хүүхдийн ордон, Хүүхдийн төв номын сан шиг хүүхэд хөгжлийн чиглэлээр тусгайлсан үйл ажиллагаа явуулдаг газар бий болгоё” гэдэг нэгдсэн санал, дүгнэлтэд хүрсэн. Мөн олон нийт болон хүүхдийн оролцооны байгууллагуудаас санал авъя, үүний үндсэн дээр төслөө шалгаруулдаг байя гэж тогтоод, тодорхой зохицуулалт бий болгосон. 2021 онд 70 гаруй төсөл, хөтөлбөрийн санал ирүүлснээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэг ажлыг шалгаруулсан. Үүнд 70-аад сая төгрөг олгохоор болсон ч газрын асуудал, цаашдын үйл ажиллагааг нь хариуцах хүн тодорхой бус буйгаас шалтгаалан хөрөнгө оруулалтыг нь олгоогүй байгаа.
-Хүүхдийн төлөө санд 11 орчим тэрбум төгрөг хуримтлагдаад буй. Мөн хүүхдийн номын сан, театр барихад зориулж нийслэлийн Засаг даргын олгосон газар ч бий. Хийе гэвэл газар нь ч, хөрөнгө нь ч байна шүү дээ.
-Тасганы овоонд олгосон газарт номын сан байгуулахад 60-аад тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргаад буй юм билээ. Хүүхдийн төлөө санд байгаа хөрөнгөөр ийм хэмжээний бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломж одоогоор алга. Яг одоо тус сангийн дансанд 12.7 тэрбум төгрөг байна. Барилгын материалын үнэ ханш өссөний улмаас бүтээн байгуулалтын зардал ч тэр хэрээр нэмэгдсэн. Дундаж хэмжээтэй нэг төв байгуулахад ойролцоогоор зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Энэ тооцоонд үндэслээд цаашдаа жил бүр, эсвэл хоёр жил тутамд томоохон ганц бүтээн байгуулалтад хөрөнгө оруулъя гэж ярьж байна.
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан “Төслийн шаардлага хангасан санал орж ирэхгүй байна” гэж бэрхшээл тоочиж буй. Та ч тэгж ярилаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийгээгүйн шалтгаан нь зөвхөн энэ гэж үү?
-Засгийн газрын тусгай сангуудаас ганц Хүүхдийн төлөө сан л бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, санхүүжүүлэх зохицуулалттай. Бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд газрын асуудал, төсвийн өгөөжтэй байдал, тогтвортой үйл ажиллагаа явуулах чадамж, орон нутгийн дэмжлэг, цаашдын урсгал зардал, шаардлагатай боловсон хүчний хангамж гээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Тийм ч учраас энэ төрлийн төсөлд маш олон шалгуур тавьдаг. Наанадаж газрын, дулаан, цахилгааны асуудлаа шийдсэн, ТЭЗҮ-ээ боловсруулсан байх ёстой. Орон нутагт томоохон бүтээн байгуулалт хийлээ гэхэд цаашид тухайн байгууллагыг, барилга, байгууламжийг аль газар хариуцаж явах вэ гэдгээс эхлээд асуудал тулгарна. Маш олон цогц асуудлыг шийдэж байж бүтээн байгуулалт хийдэг. Энэ бүх шалгуурт тэнцэх төсөл, хөтөлбөрийн санал орж ирэх нь ховор.
-Шалгуур нь ийм өндөр учраас бүтээн байгуулалтын санал дэмжигдэхгүй, шаардлага хангахгүй байна гэлээ. Гэтэл бодит байдалд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийх хэрэгцээ шаардлага асар өндөр, бүр хоолойд тулчихсан байна. Энэ хоёрыг хооронд нь нийцүүлэхийн тулд ямар зохицуулалт хийх ёстой юм бэ?
-Тусгай сангуудад хяналт, үнэлгээ хийхээр ЗГХЭГ-аас ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороонд хяналт, үнэлгээнийхээ үр дүнг танилцуулсан юм билээ. Бид үүнд тулгуурлаад Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журамд өөрчлөлт оруулна. Гэхдээ зориулалт нь тусгай сангийн хуулиараа хэвээрээ байна. Тодруулбал, сангийн хөрөнгийг зарцуулах зориулалтыг хэвээр нь үлдээгээд, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх шалгуурт нь тодорхой өөрчлөлт оруулах юм. Ийм бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэдэг хэрэгцээгээ орон нутаг нь өөрсдөө тодорхойлдог, санал дэвшүүлдэг, газар, цахилгаан, дулаан, урсгал зардал зэрэг асуудлаа ч шийддэг байх шийдлийг дэвшүүлж буй. Товчхондоо, зайлшгүй чухал гэж үзсэн, хэрэгжүүлэх бүх боломж нөхцөлийг нь бүрдүүлсэн төслөө “наашаа” оруулж ирнэ гэсэн үг. Энэ саналыг нь Төсвийн тухай хуулийн дагуу ач холбогдол, хүртээмж зэргээр нь үнэлж, эрэмбэлсний дараа бодит ажил хэрэг болгох байдлаар явах юм. Орон нутаг гэдэгт нийслэл, аймаг, сумд хамаарна. Орон нутгаас ирүүлсэн төсөлд Ерөнхий сайдын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийг санал өгөх боломж бүрдүүлнэ. Олон талын оролцоог хангаж, санал авч байж оновчтой бүтээн байгуулалт хийнэ.
-Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг эхлүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр ХНХЯ өөр юу хийх вэ?
-Яам үүнийг эрчимжүүлж чадахгүй. Журмаараа л зохицуулна.
-Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг танай яам боловсруулсан шүү дээ?
-Бүрэн нөхцөлөө хангаж байж л ажил хийнэ шүү дээ. Шаардлага хэрэгцээ байна гээд яаруу сандруу барилга бариад, нэг газар байгуулчихдаг, өнөөх нь газрын маргаантай, боловсон хүчингүй, урсгал зардалгүй гээд таг зогсчихвол яах вэ. Ийм эрсдэл бий шүү дээ.
-Ийм асуудал үүсэхийг эхнээсээ яагаад тооцож, журамдаа тусгаагүй юм бэ?
-Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулсан үеэс маш олон төсөл, хөтөлбөр, санаачилга яригдсан. Иргэд одоо ч олон хувилбар дэвшүүлж байгаа. Гэвч тэр бүхнийг албан ёсоор хүлээн авч, журмын дагуу шалгуур тавихаар шаардлага хангадаг нь ховор. Тиймээс эл журмын шалгуур, материал хүлээж авахтай холбоотой хэсгийг өөрчилье, нарийвчилъя гэж байна. Эхнээсээ бүтэлгүй журам боловсруулчхаад өөрчлөх гээд байгаа юм биш.
-“Өнөөдөр” сонин Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зориулалтынх нь дагуу буюу бүтээн байгуулалтад зарцуулах талаар асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэл бичих явцдаа 300 орчим хүнээс санал асуулга авсан. Тэдний олонх буюу 80 орчим хувь нь номын сан, театр байгуулах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн. Танай яам энэ чиглэлээр судалгаа, тооцоо хийсэн үү. Юу хийх хэрэгтэй гэж үзэж байна?
-Бид өнгөрсөн онд яг энэ чиглэлээр 2000-аад хүнээс цахимаар санал асуулга авсан. 10-аад төрлийн бүтээн байгуулалтын ажлыг жагсааж, олон нийтээс санал авахад хамгийн хэрэгцээтэй нь хүүхдийн хөгжлийн ордон, спорт цогцолбор байсан.
-ХНХЯ хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Манай яам бодлого тодорхойлж байгаа төрийн захиргааны төв байгууллагын хувьд хууль, эрх зүй, журам, дүрмийн шинэчлэлийг зохицуулж ажилладаг. Үүний хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна. Удахгүй үүнийг хэлэлцэнэ. Эл хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд 13 хууль, журамд өөрчлөлт оруулж буй. Мөн хүүхэд хамгаалал, хөгжлийг хангахад чухал үүрэгтэй Гэр бүлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Үндсэндээ нийгмийн зохицуулалтыг хангаж байгаа хоёр том хууль хэлэлцүүлгийн шатандаа ирлээ. Бид үүний бэлтгэлийг хангаж, олон нийтийг хамруулсан хэлэлцүүлгүүд зохион байгуулан, журмын төслүүдийг боловсрууллаа.
Хүүхэд хамгааллаас гадна хөгжлийн асуудал чухалд тооцогддог. Үүнтэй холбоотойгоор ХНХЯ хүүхдийн хөгжлийн стандарт, аргачлалыг боловсруулж буй. Одоогийн нөхцөлд хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гол байгууллага нь зуслан, хүүхдийн хөгжлийн ордон, төвүүд байна. Улсын хэмжээнд өдгөө 43 зуслан бий. 38 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь жилдээ 60-аад мянган хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдийн хөгжлийн ордон 15, төв зургаа, театр дөрөв бий. 13 аймаг, гурван дүүрэгт 2-25 төрлийн дугуйлан хичээллэж байна. Эдгээр нь үйл ажиллагааны төрөл, арга хэмжээний онцлогоосоо хамаараад жилдээ 57 мянган хүүхдэд хүрч ажилладаг. Зуслан болон хүүхдийн ордон, төвөөр үйлчлүүлэгчдийг нийт хүүхдийн тоотой харьцуулахад туйлын бага. Мэдээж сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллага хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэвч энэ чиглэлээр дагнасан дугуйлан, секц ажиллуулдаг, үйлчилгээ үзүүлдэг газар дутагдалтай. Тиймээс бид эдгээр байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй болгох, бүх хүүхэд ижил тэгш нөхцөлөөр хангагдах боломж бүрдүүлэхээр хөгжлийн аргачлал боловсруулж байгаа юм.