“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ дахин томилохоор болж, хэний фракцын хүнийг томилох асуудал ид өрнөж байна. “Нүүрсний” гэх хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбогдож, олны анхаарлыг ихээр татаж байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүйгээр, “ганц” гэрчээ шоронд 11 сарын туршид хорьсон байдалтай байна. Мөн нүүрсний гэх хэргээр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурал хойшлогдсоор өнөөдрийг хүргэсэн.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар иргэдээс үнэлгээ авахын тулд “Нүүрсний хулгайтай тэмцэж буй” жүжгийг найруулж, сонгуулийн буухиагаа эхлүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилсноор өнгөрсөн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 2.7 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн гэх статистикаар иргэдийн тархийг угааж байна.
Мөн “Нүүрсний” гэх хэргийн дуулианаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол 1924-1992 оны хооронд оршин тогтнож байсан нэг намын тогтолцоотой Бүгд найрамдах засаглалтай социалист улс юм. Тухайн үед гарч байсан хуулийг 2022 онд Монгол Улсад тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хэрэгжүүлсэн.
БЭТ Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ирэнгүүтээ халаа сэлгээ хийж, тус компанийн Ерөнхий нягтлан бодогчоор Ш.Цогзолмааг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Г.Гантулгыг, Худалдан авах ажиллагааны газрын даргаар Н.Цэрэнсамбууг, Газрын даргаар н.Мөнхжаргалыг, Уул уурхай, технологийн газрын даргаар Ч.Алтанбаганыг, Захиргаа, удирдлагын газрын даргаар Н.Ануныг томилсон байдаг. Эдгээр нь Ж.Ганбатын БЭТ-ийн эрх мэдлийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д орж ирсэн түүний багийн хүмүүс юм. Энэ мэтээр “Нүүрсний” гэх хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагүйн дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д албан тушаалын томилгоо, МАН-ын фракцууд өөрсдийн хүнээ шургуулах гэсэн ажиллагаа явагдсан гэхэд хилсдэхгүй.
Нүүрсний дуулиантай зэрэгцээд Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилох нэрийн дор МАН дундах эд баялагт шунасан фракцуудын зодоон ч үргэлжилсээр байна. Тодруулбал, дараагийн БЭТ хэн байх вэ гэх марафон ид өрнөж байгаа юм. Марафонд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Ногоон автобус”-ны хэргээр хотын даргын албан тушаалаа өгсөн Д.Сумъяабазар нарын нэр яригдаж байна.
Ж.Ганбатыг БЭТ-ээр томилбол тэрбээр Сангийн яамны ажлаа өгнө. Нүүрсний эрх мэдлийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үргэлжлүүлэн атгана гэсэн үг. Тэрбээр МАН дахь “Сү”-гийн фракцынх. Мөн тэдний франкцын С.Наранцогт “Эрдэнэс МГЛ” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ.
Харин Д.Сумъяабазар БЭТ-ээр томилогдвол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүнээ зүтгүүлнэ гэсэн үг. 2024 оны сонгуульд Нийслэлийн МАН-ыг хэний фракц удирдах марафонд ялагдсан Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ шургуулах марафонд мөн хүчээ үзэж байна.