“VI ангийн хүүхэд шөнийн 00.00 цагт даалгавраа хийж дуусахгүй байна. Хичээлээ тараад 19.00 цагт гэртээ ирдэг. Гэр сургуулийн хажууд тулдаа 19.00 цагт ирдэг. Холоос явдаг хүүхдүүд нь 20.00 цагт, зарим нь түүнээс оройтож гэртээ харьж байгаа. Дөнгөж 11 настай хүүхдүүд шүү дээ. Орж ирэнгүүтээ гар, нүүрээ угааж хоолоо хурдан идчхээд, хичээлээ хийгээд сууна. Даалгавраа хийсээр шөнө 00.00 цаг өнгөрөөж унтаж байна. Өглөө босож үлдсэн даалгавраа хийнэ. Бүх багш даалгавраар булна. Ингэтэл хүүхдийг ядрааж, залхааж сургах нь байж боломгүй”.
Энэ бол хүүхдийнх нь гэрийн даалгавар хэтэрхий их байгааг шүүмжилсэн нэгэн ээжийн сэтгэгдэл. Тэрбээр мөн хүүхдээ ядаргаанд орсон талаар дурдсан байв. Түүний сэтгэгдэлтэй олон аав, ээж, асран хамгаалагч санаа нийлж буйгаа илэрхийлжээ. Үнэхээр монгол хүүхдүүд хэтэрхий их гэрийн даалгаварт “дарагдаж” байгааг өнгөрсөн хавар хийсэн нэгэн судалгааны үр дүн ч нотолсон юм. Тодруулбал, “Бага сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын ачаалал” судалгааг МУБИС-ийн багш нар хийсэн. Уг судалгаагаар Монголд бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын хугацаа олон улсын дунджаас 2.3 дахин их байгааг тогтоосон бөгөөд “Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын хэт ачаалал нь хүүхдүүдийн амрах цагийг багасган, тэдний эрүүл мэнд болон эцэг, эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
Сурагчдын гэрийн даалгавар яагаад ийм их байгааг зарим багшаас тодруулсан юм. Тэд “Сургалтын хөтөлбөр, сурах бичгийнхээ дагуу л даалгавар өгдөг. Жишээ нь, сурах бичигт үзсэн хичээл бүрийн дараа мэдлэгээ бататгах даалгавруудыг заавал оруулсан байдаг. Түүнийхээ дагуу л ажиллана. Түүнээс багш дураараа хүүхдүүдэд даалгавар өгдөггүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Мөн “Гэрийн даалгавар огт хэрэггүй зүйл биш шүү дээ. Хүүхдийг бие даах чадварт сургахад хамгийн чухал нөлөөтэй. Харин хэр их даалгавар өгөх нь тухайн багшийн сургалтын арга барилаас шалтгаална” хэмээсэн нь ч байлаа. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гэрийн даалгаврыг зохистой хэмжээнд байлгах талаас арга хэмжээ авч байгаа, эсэхийг нь тодруулахад “Энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажил байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
АНУ-ын Дьюкийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Харрис Купер гэрийн даалгаврын ачааллыг судалж, тохиромжтой хэмжээг гаргасан байдаг аж. Тэрбээр нэгдүгээр ангийн сурагчдын гэрийн даалгавар өдөрт 10-20 минут, түүнээс цааш анги дэвших бүрд 10 минутаар нэмэгдэх нь тохиромжтой хэмээн үзжээ. Харин зарим оронд даалгавар огт хэрэггүй гэж үздэг тохиолдол ч бий. АНУ, Японд хүүхдүүдэд даалгавар өгдөггүй. Эсрэгээрээ олон улсын түвшинд боловсролоороо тэргүүлдэг БНХАУ, Сингапур зэрэг улсад маш их хэмжээний даалгавар өгдөг, тэр хэрээр сурагчид нь өндөр амжилт үзүүлдэг гэжээ. Харин манай улсад даалгавартай холбоотой ямар нэгэн стандарт, норм алга. Ер нь үүнийг цаашид яаж зохицуулах нь ч тодорхойгүй байна.
Бэлтгэсэн: М.Оч