“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хамгийн том оролцогчид нь хүүхдүүд байх нь. Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн банк (KfW)-аас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй.
Төслийн I үе шат нь 2015-2021 онд Төв, Хангай, Зүүн бүсийн ТХГН-уудад 11,5 сая еврогийн санхүүжилтээр амжилттай хэрэгжсэн бөгөөд II, III үе шатыг 2020-2027 онд Баруун болон Говийн бүсийн ТХГН-уудад 27,5 сая еврогийн санхүүжилттэй хэрэгжүүлж байна. Тус төслийнхөн баруун болон говийн бүсийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл өнөөдөр (2023.10.26) Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд нэг өдөр бужигнаж, тархиа цэнэглэхийн зэрэгцээ менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлалд суралцлаа.
Дээрх эл төсөлд хүүхдүүдийн оролцоо их гэдгийг дурдсан. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын дасан зохицох” төслийн зохицуулагч М.Болдбаяр энэ талаар “Монгол орны хэмжээнд Биологийн олон янз байдлыг хамгаалахад боловсон хүчний дутагдалд орсон. Ялангуяа байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн чиглэлд ажиллах хүч үнэхээр дутмаг байна. Үүнээс үүдээд Монголд уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн байгалийн цогцолборт газрууд, улсын нөөцөд авсан, дархан цаазтай газруудаа хамгаалахад хүндрэл үүсэж байна. Гол горхи ширгэж, дэлхийн дулаарал Монголд илүүтэй мэдэгдэж байна. Олон зэрлэг ан амьтан устаж үгүй болж байна. Үүнтэй тэмцэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд орон нутгийн хүүхэд бүрийг байгаль хамгаалагч байхад сургана. 21 аймгийн тусгай хамгаалалттай 33 орон нутгаар очиход мэргэжилтэн дутмаг байна. Монголд байгаль хамгаалах чиглэлээр олон улсын 40 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэд ч мөн Монголд байгаль хамгаалах мэргэжилтэн дутмаг байгааг онцолж буй. Тиймээс гадаадаас мэргэжилтэн урьж, өндөр цалин өгөх тухай ярьж байна. Тиймээс орон нутгаа мэддэг хөдөөгийн хүүхдүүд ямар ч мэргэжил сонгож болно. Гэхдээ байгаль орноо хамгаалдаг, биологи газар зүйн онцлогоо мэддэг байгаасай. Үүний тулд орон нутгийн 750 багшийг энэ чиглэлд мэргэшүүлж, дээр нь тусгай хамгаалалттай газар нутагт ажилладаг мэргэжилтнүүдтэй нягт уялдаатай байлгах менежментийн ажлуудыг хийж байна” гэв.
Төслийнхний зүгээс ТХГН-ийн сүлжээг бэхжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийх, орчны бүсийн ард иргэдийн амьжиргааг дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарт дэмжлэг үзүүлж ирсэн. Тэдгээрийн нэг нь ТХГН-ийн орчны бүсийн сумдын Ерөнхий боловсролын сургуулиудад “Эко-танхим” байгуулах, техник тоног төхөөрөмж, сургалтын гарын авлага, багаж хэрэгслээр хангаж, чадавхжуулах сургалт зохион байгуулах үйл ажиллагаа юм.
Энэ нь “ТХГН-ийн орчны бүсийн сумдын Ерөнхий боловсролын нийт 75 сургуульд “Эко-танхим” байгуулж, байгаль шинжлэлийн хичээлүүдэд хэрэглэгдэх сургалт, судалгааны багаж хэрэгсэл, гарын авлагаар хангах, багш нарын чадавхыг дээшлүүлэх, сурагчдын байгаль орчны мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ” гэж хэрэгжүүлэгч талууд танилцууллаа.
Төслийн I үе шатанд 15 ТХГН-ийн орчны бүсийн 48 сумын ЕБС-д “Эко-танхим” байгуулсан бол II, III үе шатанд Баруун болон Говийн бүсийн 13 аймгийн, 19 хамгаалалтын захиргааны хариуцаж буй нийт 38 ТХГН-ийн орчны бүсийн 75 сумын сургууль хамрагдаж байна.
“Төслийн үр дүнд ТХГН-ийн орчны бүсийн сургуулиудын байгалийн ухааны хичээл сургалтад ахиц дэвшил гарч, хүүхэд залуучууд, орон нутгийн ард иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны хамгаалалд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы ард түмний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр байгуулагдаж буй “Эко-танхим”-ын тогтвортой үйл ажиллагааг хангахад оролцогч талуудын хамтын ажиллагаа, санаачилга чухал” юм. Эдгээр сургуулиудын сайн туршлагаас бусад Ерөнхий боловсролын сургуулиудад түгээн дэлгэрүүлэх нь хүүхдүүдэд багаасаа нь байгальд ээлтэй хандлага, зөв төлөвшилд сургахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.” БОАЖ тус үйл ажиллагааг тодотголоо.
Монгол Улсын “Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад өсвөр үеийнхэнд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах дадал зуршил, боловсрол олгоход тус дэд төсөл нь онцгой ач холбогдолтойг хэрэгжүүлэгч талууд онцолж байна.
Үйл ажиллагааны гүйцэтгэгчээр Дэлхийн Байгаль Орчны Боловсролын Сан (FEE)-ийн гишүүн, Байгаль Орчны Мэдээлэл Сургалтын Төв ТББ ажиллаж буй.
Б.Сэрчмаа: Булганы сурагчдын хичээлд нэмэлт дарамт үзүүлэхгүйгээр экологийн боловсрол олгоно
(Булганы БШУГ-ын мэргэжилтэн)
-Манай сургуулийн гурван сургууль эл төсөлд хамрагдаж буй. Төсөлд хамрагдаж, сургуулиудаа экологийн танхимтай болгож буйдаа баяртай байна. Мөн танхимтай болсноор 1-12 ангийн сурагчдын хичээлд нэмэлт дарамт үзүүлэхгүйгээр экологийн боловсрол олгоно. Багшид ч ачаалал өгөхгүй менежментийн төлөвлөгөө боловсруулсан. Багш сурагчдад экологийн багаж хэрэгслээр бүрэн дүүрэн хангасан. Ингэснээр ирээдүйд нутаг орон, эх байгалиа хайрладаг дэлхийн иргэнийг бид бэлтгэх эхлэлээ тавьж буй. Өдгөө жилд сумын нэг сургуулийн 12 ангийг 100-120 хүүхэд төгсдөг. Тэдний 10 гаруй хувь нь хими, биологийн хичээлээр шалгалт өгдөг.
Б.Өсөхжаргал: Хүүхдүүд Тужийн нарсаа хайрлаж хамгаалж өсөж байна
(Сэлэнгэ аймаг Шаамар сумын ЕБС-ийн захирал)
- Манай аймагт Тужийн нарсаас авхуулаад тусгай хамгаалалттай газар нутаг олон. Тиймээс хүүхдүүд маань Тужийн нарсаа харж, хамгаалж, хайрлан өсөж буй. Улмаар хүүхдүүдээ төсөлд хамруулаад, тодорхой хэмжээгээр урамшуулж, нэмээд “Эко-танхим” байгуулаад өгчихөөр тэд улам урамшина. Мөн манай сургуульд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас жимсний үржүүлгийн талбай байгуулж өгсөн. Хүүхдүүд маань багаасаа аж ахуйч, ногоо тарьдаг, ажилсаг болж өсдөг. Одоо ажилсагаас гадна байгаль орчноо хайрлаж, түүнийхээ үр өгөөжийг зүй зохистой хүртэх талаар нэмэлт мэдлэгтэй болж байгаад баяртай байна.