Технологийн тэргүүлэгч, гуравдагч хөрш болох Францын Засгийн газар 89.99 хувийг нь эзэмшдэг, 17 улсад цөмийн эрчим хүчний чиглэлээр ажилладаг, 17 мянган ажилтантай, ураны үйлдвэрлэлээр дэлхийн топ гурвын нэгт ордог “Орано” групптэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татах ажил гараанаас хөдөллөө. Тодруулбал, манайх 34, Францын тал 66 хувийг нь эзэмшдэг “Бадрах энержи” компани Зөөвч-Овоогийн ордоос бүтээгдэхүүн олборлох бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг энэ онд багтаан байгуулахаар ажиллаж байна.
Бэлтгэл хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх эл төсөл 47 жил үргэлжлэх нь. 2024-2027 онд бэлтгэл ажлыг ханган, 2028-2060 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2061-2070 онд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Ураны ислийн үнийг фунтийг нь 64-74 ам.доллароор тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая буюу нийт 12.1 тэрбум болох аж. Жилийн цэвэр ашиг нь 131 сая, нийт 4.3 тэрбумд хүрнэ гэж таамаглажээ.
Мөн төслөөс Монголд жилд 95.5 сая, нийт төслийн хугацаанд 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлнэ хэмээн үзсэн байна. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) орлого жилд 47 сая, нийт 1.55 тэрбум болно гэж тооцжээ. Үүнээс гадна Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийт 400 орчим сая “ногоон”-ы ногдол ашиг нэмж авах гэнэ. “Бадрах энержи” ХХК-ийн ажиллагсдын 96 хувь нь монголчууд, тэдний 30 орчим хувь нь орон нутгийнхан байх бөгөөд 700 гаруй тогтмол ажлын байр бий болох аж.
Анх манай талаас энэхүү төслөөс огт хувь эзэмшихгүй, АМНАТ болон 30 орчим төрлийн татвараа аваад явъя гэдэг зарчмын санал хүргүүлсэн ч Францын талаас ямар нэг байдлаар төрийн оролцоотой байлгах хүсэлт тавьжээ. Улс төр талаасаа тогтвортой, Засгийн газар нь анхаараад яваасай гэсэн өнцгөөс харсан ч биз. Улмаар хөрөнгө оруулагч талаас төслийн 10 хувийг нь эзэмших санал тавьсныг манайх зөвшөөрсөн хэрэг. Францын тал “Монгол Улс 10 хувьдаа ногдох хөрөнгө оруулахгүй” гэж буй ч бодит байдалд хэрхэхийг одоо хэлэхэд эрт. Монголын тал төслийн хөрөнгө оруулалтад санхүүгийн үүрэг хүлээхгүй гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн ч гэрээг эцэслэн тохиролцоогүй байгаа билээ.
Дэлхийн зах зээл дэх ураны үнээс хамаараад 11-19 хувь хүртэл АМНАТ авах шаардлагыг манайхаас тавьжээ. Ашигт малтмалын тухай хуульд тусгаснаар ураны олборлолтоос таван хувийн АМНАТ авах учиртай. Эл хуульд уран ашигласанд ногдуулах төлбөр гэж тусгаагүй бөгөөд бусад ашигт малтмал гэсэнд багтаасны дагуу таван хувийн АМНАТ л авах юм. Тэгвэл манай талаас 34 хувь эзэмшихгүйгээр АМНАТ дээр нэмээд тусгай төлбөр гэсэн нөхцөлөөр нийт 10 хувийн төлбөр авъя гэсэн санал тавьсан байна. Өөрөөр хэлбэл, 34 хувь эзэмшээд таван хувийн төлбөр авах байсан бол ямар ч хувь эзэмшихгүйгээр 10 хувийн АМНАТ авах санал тавьсан хэрэг. Мөн өсөн нэмэгдэх тарифын дагуу уг хувийг дээр дурдсанаар 19 хүртэл нэмэгдүүлэхээр тооцсон гэнэ. Хэрэв дэлхийн зах зээлд ураны үнэ дээшилбэл манай улсын авах төлбөр дагаад шатлалтайгаар өснө гэсэн үг. “Financial times” сонинд сар гаруйн өмнө кг ураны ханш цаашид 200 ам.долларт хүрэх төлөвтэйг мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногийн эцэст эл үнэ 152 орчим “ногоон” байв.
“ГЭРИЙН ДААЛГАВАР”
ЗГХЭГ-ын дарга өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөх үеэрээ “Орано” группийн төлөөлөл маш хатуу байр суурьтай, шахалт үзүүлсэн нөхцөл байдалд ажиллалаа” гэж хэлсэн юм. Тэрбээр мөн “Төслийн гэрээг энэ онд багтаан үзэглэх зорилт тавьсан бөгөөд ирэх оны нэг, хоёрдугаар улирлаас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр тооцож байна” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн олборлолтын бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөсөн гэсэн үг. Францад үзэглэсэн хэлэлцээний протоколоор суурь зарчмуудаа тохирсон бол өдгөө гэрээний нөхцөлүүдээ эцэслэх ажил үлджээ. Ирэх арванхоёрдугаар сарын 20-доор хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлж магадгүй гэх таамаг бий. Гэвч ингэж яаравчлахгүй байх шалтгаан цөөн биш гэдгийг доор дурдъя.
Манай улс мега төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан “Оюутолгой”-гоос өөр туршлагагүй. Тус төслийн менежментийг хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулагч тал зардлын хэмжээг өсгөдөг, борлуулалтын орлого нь манай улсын банкуудаар дамждаггүй тул мөнгөн урсгалд нь хяналт тавьж чаддаггүй зэрэг маргааныг шийдвэрлэх ажил өнөө ч үргэлжилж буй билээ. “Оюутолгой” компанийн ажилтнуудын олонх нь монголчууд хэдий ч цалингийн дүнг нь харахад багагүй нь цөөн тооны гадаадын мэргэжилтнүүдэд ногддог, ханган нийлүүлэлтэд ч анхаарах зүйл бишгүй гэх яриа гардаг. Ийм туршлагатай бид өмнөх төслөөсөө ямар сургамж авч урагшлах вэ гэдэг нь анхаарал татах л зүйл. Ер нь өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад хэр суралцаж, “гэрийн даалгавар”-аа хийсэн бол? Наанадаж ураны төсөл хэрэгжүүлэхдээ монголчууд удирдлагын түвшнээс нь авхуулаад хүмүүсээ “шигтгэх” шаардлагатай.
Үүний тулд цаашид хүнээ сурган, боловсон хүчний хувьд бэхжиж, өөрсдөө хяналт тавих чадавхаа ч дээшлүүлэх нь чухал. Ялангуяа УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэс Монгол”-ын мэргэжилтнүүд өндөр чадавхтай байх учиртай.
“Эрдэнэс Монгол” компаниас ажлын хэсэгт орж ажиллах гишүүний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногт зарласан. Тодруулбал, Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг” компаниас ирүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх, санал дүгнэлт өгөх мэргэжлийн эксперт, эрдэмтэн судлаачдыг ажлын хэсгийн гишүүнээр орж хамтран ажиллахыг урьсан юм. Ажлын хэсэгт багтах сонирхолтой хүмүүсийн материалыг өнгөрсөн баасан гарагт авч дуусахаа мэдэгдсэн. Эл ажлын хэсгийнхэн өнгөрсөн даваа гаргаас эхлэн арванхоёрдугаар сарын 20-ны хооронд ажиллана гэдгийг дурдсан байв. Тэдгээрт төслийг бизнесийн талаас нь харах чадвартай мэргэжилтнүүдээс багтаасан гэж найдъя.
Өөр нэг анхаарах зүйл нь манай улс гэрээний стандарт загвартай байх учиртай. Гадаадын талын барьж ирсэн гэрээний төсөл дээр бус, өөрийн гэсэн зарчим, загвартай байя гэсэн үг. “Танай улсад ийм хэмжээний хөрөнгө оруулна” гэхэд нь “Бид ийм нөхцөлөөр л гэрээ байгуулна” гээд өөрийн хувилбараа урдаа барих нь зүйд нийцэх юм. Түүнээс биш гадаадынхны гэрээний төсөлд нь тохируулж хуульдаа өөрчлөлт оруулдаг байж таарахгүй.
Үүнээс гадна ураны ордоо ашиглалаа гэхэд доор нь ямар хэмжээний баялагтай вэ гэдгээ нарийвчлан тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, бид ямар хэмжээний баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж буйгаа эхний ээлжид мэддэг баймаар байна. 30-33 жилийн хугацаанд гуравхан тэрбум ам.долларын ашигтай төслийг хөдөлгөж яах юм бэ гэх хүмүүс ч бий. Мэдээж Зөөвч-Овоогийн ордын нөөцийг тооцсон. Гагцхүү геологи хайгуулын ажлыг нь гадаадын компани хийн, жил бүр өгсөн тайланг манайхан хянаж, хэчнээн өрөм тавьж, төчнөөн тууш метр өрөмдсөн юм уу, гарсан дээж нь ямар байв гэдгийг харж байгаа. Гэхдээ механик гар ажлыг гадаадынхан өөрсдөө хийж буй. Ер нь тухайн газар дор ямар хэмжээний баялагтай, түүнээс хэдийг нь авах, цаашид нөөц нь өсөх үү, үгүй юү гэдэг үнэлгээгээ хийх нь зүйтэй юм. Эрдэс баялгаа мэргэжлийн түвшинд үнэлэх өндөр чадавхтай болохгүй аваас одоо бол хөрөнгө оруулагчид ирж дээж аваад, дандаа гадаадад шинжлүүлж буй. Тэд Монголын лабораториуд шаардлага хангахгүй байна хэмээн шалтаг хэлж, бид өөрсдөө баталгаажуулж чадахгүй болохоор үүнд нь итгэхээс өөр аргагүйд хүрдэг. Ер нь алт, зэсийн баяжмал, уран ч гэлтгүй экспортолж буй бүх эрдэс бүтээгдэхүүн дэх агуулгыг нь гааль дээр ч тэр, Геологийн төв лабораторид ч хэр үнэн зөв тооцож чадаж буйгаа анхаарах нь зүйтэйг мэргэжилтнүүд сануулж байна.
ХОЖИЛ БА САНАЛ
Францын талын санал болгосноор жилд 2500 тонн шар нунтаг үйлдвэрлэнэ гэж тооцож буй. Дэлхийн ураны хэрэгцээ өдгөө жилд дунджаар 65 гаруй мянган тонн, цаашид эл тоо улам өсөх төлөвтэй. Урьдчилан тооцоолсны дагуу Зөөвч-Овоогоос 2028 оноос 2500 тонн бүтээгдэхүүн нийлүүлж эхэлнэ. Дээрх уурхайгаас жилд ийм хэмжээгээр тогтмол нийлүүлнэ гэж ойлгож болох аж. Гэхдээ гэрээнд үүнтэй холбоотой заалтыг нарийн тусгах нь зүйтэй. Хэрэв ураны үнэ хямдарч, манайд улс төрийн тогтворгүй байдал үүслээ гэдэг ч юм уу шалтаг хэлж, нөгөө тал олборлолтын хэмжээг багасгавал манай улсын бүрдүүлнэ гэж тооцсон татвар буурна. Үйлдвэрт багаар бодоход 700 гаруй хүн ажиллана гэж буй ч олборлолт буурвал ажилтнуудын тоо цөөрөх гэх мэт нөхцөл үүснэ. Тиймээс олборлолтын хэмжээ жилд хамгийн багадаа хэчнээн тонн байх зэргийг тохиролцох учиртай.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Бадрах энержи” гадаад зах зээлд зарна. Францчууд өөрсдийн толгой компани “Орано” группэд бүтээгдэхүүний дийлэнхийг нийлүүлэх болов уу. Нэг ёсондоо охин компаниасаа толгой компанидаа худалдвал үнэ нь ил тод байх ёстой. Хөрөнгө оруулагч тал манайх шиг шар нунтаг олборлоод орхичихдоггүй, боловсруулж, түлш болгоод Францын барьсан атомын цахилгаан станцтай (АЦС) орнуудад зарна. Францын талаас Хятадын Тяньжины боомтоор тээвэрлэх боломжтой хэмээн үзэж буй бололтой. Ингэхдээ ихэвчлэн галт тэрэг, дараа нь усан онгоцоор тээвэрлэн Францад хүргэх болов уу. Манайхаас олборлосон шар нунтгийг урд хөршид зарж ч болно. Хаашаа зарах нь манайд төдийлөн чухал биш ч гагцхүү борлуулах үнэ нь нээлттэй, зах зээлийн ханштай ижил байх ёстой юм.
Олон улсын жишигт Засгийн газрын урамшуулал гэдэг ойлголт бий. Үүний дагуу бол Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах, үйлдвэрлэл эхлэх, жилд 2500 тонн бүтээгдэхүүн нийлүүлэх үед тодорхой хэмжээний бонус авах боломжтой. Гэрээ байгуулахтай холбоотойгоор гадаадын мэргэжилтэн ажиллуулж, тооцоо судалгаа хийх зэрэгт зарцуулсан зардлаа нөхөж авдаг жишиг олон улсад бий юм. Энэ мэт анхаарах зүйл Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга байгууллагаас гаргасан нийтлэлүүдэд бий билээ.
Эндээс харвал, ерөөс заасан хугацаанд амжиж гэрээг үзэглэх гэхээсээ илүүтэйгээр хангалттай судлах, гадаадаас мэргэжлийн шинжээчдийг авах нь ч зүйтэй. Хөрөнгө оруулагч талын Африкт хийсэн “но”-той зүйлс, тухайлбал, байгаль орчин, роялти зэрэгтэй холбоотой асуудал гарсан тухай олон улсын хэвлэлүүдэд бичсэн нь бий. Энд нэг зүйл онцлоход, “Орано” групп биднийг хохироох нь гээд байгаа бус, манай тал хангалттай судлах хэрэгтэйг л сануулж буй хэрэг. Мэдээж Монголд стратегийн хөрөнгө оруулагч хэрэгтэй нь гарцаагүй. Гагцхүү хэдэн зуун жил гэрээ байгуулж ирсэн Францтай үзэглэх гэрээнээс хоёр тал хоёул ашиг хүртэх учиртай.
МУУ ТҮҮХ
Түүх сөхвөл, францчууд 1997 оноос хойш манайд 60 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд Дорноговьд Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт, Дулаан гэсэн дөрвөн орд нээжээ. Тэдгээрийн нэгийг нь манайхан 1970-аад оны үед илрүүлсэн чгэдэг. Одоогоор Дулааны ордын талаар яригдахгүй байгаа нь ашиглалтын лиценз аваагүйтэй холбоотой. 49 375 га талбайг эзэлж байгаа, дээр дурдсан бусад гурван ордын хамгийн том нь Зөөвч-Овоо агаад 93 мянга орчим тоннын нөөцтэй гэж үзэж буй. Эдгээр орд нийлээд 105 мянга орчим тоннын нөөцтэй гэж тооцож байгаа юм. Эл хэмжээ магадгүй цаашид өсөх болов уу.
“Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын өгүүлснээр Зөөвч-Овоогийн ордыг 2010 онд илрүүлжээ. Францчууд “Танай улсад 1997 оноос хойш хайгуулын ажил, хөрөнгө оруулалт хийлээ. Өнөөдрийг хүртэл лицензээ авч чадахгүй явсаар арайхийж олборлох түвшинд хүрэх гэж байна” хэмээн шүүмжлэх нь бий. Гэхдээ 2011 онд Фүкүшимагийн АЦС-д гарсан ослоос шалтгаалж ураны үнэ хямдарсан үе тохиосныг санах хэрэгтэй. Нэгэнт үнэ нь доошилсон тул францчууд манай улс дахь төслийг хэрэгжүүлэхээр тэгтэл яараагүй. Ийм байхад бид л буруутай юм шиг, манай төр, засаг төслийг “явуулалгүй”, францчуудыг олон жил хохироочихсон юм шиг ойлгож болохгүй.
Харин өдгөө зах зээл дэх ураны үнэ өсөж, францчуудын Африк дахь ураны төсөлд бэрхшээл үүсчихээд буй. Үүнтэй холбоотойгоор манайхыг шавдуулж байгаа хэрэг. Уг нь бид гадаад ертөнц, зах зээлд юу болж байгааг ч анзаарч, хэрсүү байх нь зөв биз ээ. Африкийн орнууд хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахдаа яагаад алдаад байна гэхээр барьж ирсэн төсөлд нь тааруулж хуулиа өөрчилж, хамаг баялгаа тавьж туугаад байгаатай холбоотой. Тэрхүү гэрээнд нь давхар татвартай холбоотой давуу тал эдлэх зэргийг тусгачихдаг. Тэгэхээр бид эдийн засгийн загварчлалуудаа гаргах ёстой. Дэлхийн томоохон уран үйлдвэрлэгч Казахстанд гэхэд Засгийн газраас нь баталсан гэрээний загвар дээр нь гадаадын хөрөнгө оруулагчид ажиллаж, нөхцөлүүдээ тохирдог байх жишээтэй. Мэдээж нөхцөл байдлаас шалтгаалж тухайн гэрээнд өөрчлөлт оруулах нь тодорхой, нэг гэрээгээ “хатуу” бариад сууна гэж үгүй.
ДАРААГИЙН ҮЕ ШАТ АЦС
Одоогоор ураны нөөц цөөн буюу 15 оронд л бий. Тэдгээрээс боломжоо тултал нь ашиглаж байгаа орноор Казахстаныг нэрлэж болно. Дэлхийд экспортоор тэргүүлэгч тус улс шар нунтаг хэлбэрээр зарах бус, түлшний үйлдвэр барьж, ураны банк ч нээгээд амжсан. Ер нь олборлосон ураныг түлш болгоход дөрвөн үе шаттай аж. Өдгөө тус тусдаа бизнес болжээ. Тодруулбал, уран олборлоод зарах нь нэгдүгээр шатны бизнес. Хоёрдугаарх үе шат нь хөрвүүлэх гэж ойлголт бий. Гаргаж авсан шар нунтгаа хий хэлбэрт оруулж, дотор нь байгаа химийн хэрэгцээгүй элементүүдийг нь гаргаад, баллонд хийн UF6 гэдэг элемент болгоод зарна. UF6-г худалдаж аваад баяжуулдаг дараагийн үе шат бий. Эл үе шатны ажлыг цөмийн зэвсэгтэй таван орноос гадна ганц, хоёр улсад л хийдэг байна. Баяжуулсан ураныг ашиглан түлш хийдэг орнууд бий.
Казахстаны хувьд уранаа олборлож, дээр дурдсан хоёр, гурав дахь үе шатны ажлыг өөр орнуудаар хийлгээд баяжуулсан ураныг авчраад түлш болгодог бөгөөд дэргэдээ Олон улсын атомын энергийн агентлагийн банкийг нээчихсэн хэрэг. Аль нэг улсын АЦС-д ураны түлш хэрэгтэй болох үед эл банканд хүсэлт тавьж зээлээр аваад, дараа нь мөнгөө төлөх боломжтой. Үүнийг дагаад олон ажлын байр бий болсон нь тодорхой. Тус улс үүгээрээ дамжуулаад дэлхийн томоохон орнуудтай холбоо тогтоож чадсан нь дамжиггүй. Харин уранаа ашигласан ч хөгжилд нь нөлөө гараагүй улс орнуудын жишээнд Африкийн зарим орныг, жишээлбэл Нигер, Чад, Малавийг дурдаж болно. Тэнд зөвхөн нэгдүгээр шатны буюу шар нунтаг л гаргадаг бөгөөд дансанд нь мөнгө ордоггүй байх жишээтэй. Магадгүй бидэнд дээр дурдсан ийм хоёр сонголт бий. Сонирхуулахад, уранаа зөвхөн зардаг Австралид уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор өдгөө АЦС-тай болох талаар нэлээд ярьж буй юм билээ. Ерөөс 27 орон шинээр АЦС барихаар төлөвлөж буй гэх мэдээлэл ч бий юм. Мөн улс орнууд жижиг, дунд реактортай болох хандлага нэмэгдэж буй аж.
Манай улсын хувьд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбоотойгоор өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаас устөрөгч, АЦС дээр ямар бодлого баримтлахыг тодорхойлох талаар чиглэл өгч байв. Тодруулбал, АЦС барих нь хэрэгтэй, эсэх талаарх судалгаа хийхийг Эрчим хүчний, УУХҮ-ийн, БШУ-ы сайдад үүрэг болгосон. Гурван сайдын тушаалаар өнгөрсөн оны наймдугаар сард ажлын хэсэг байгуулагдсан аж. Тус ажлын хэсэг АЦС барих, эсэх талаар тооцоо судалгаа хийхийн тулд төслийн нэгж байгуулах, гүйцэтгэх ажлын жагсаалтыг төсвийн хамт гарган Засгийн газарт оруулахаар ажиллаж байна. Уг ажлын хэсгийнхэн“Техникийн ийм томоохон ажлыг Монгол Улс дангаар хийж чадахгүй тул олон улсын мэргэжилтэн, байгууллагуудтай хамтран судлах боломжтой. Нэг ёсондоо АЦС-ын урьдчилсан ТЭЗҮ бэлтгэнэ гэж ойлгож болно.
Станц баривал хэр ашигтай, ямар сөрөг тал үүсэж болзошгүй зэргийг тодорхойлно. Ийм судалгаа хийхэд шаардлагатай төсвийн гуравны нэгтэй тэнцэх дэмжлэгийг Олон улсын атомын энергийн агентлагаас авахаар зарчмын хувьд тохирсон” гэв. Мөн “АЦС барихад 10-15 жил зарцуулдаг гэсэн тооцоо бий. Бэлтгэл ажлыг зургаа орчим жил хангах, үүний хоёр жилийг нь судалгаа хийхэд зарцуулдаг. Энэхүү судалгааг хийх, эсэхийг Засгийн газар шийдэх юм. Хэрэв станц барих нь зүйтэй гэж үзвэл дөрвөн жилд нь дэд бүтцээ бэлдэнэ гэсэн үг. Олон улсад нээлттэй тендер зарлаж, ямар хүчин чадалтай байх, урьдчилсан ТЭЗҮ-ийг шинэчлэх, хууль, эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ конвенцод нэгдэн, хүний нөөцөө бэлдэх, цахилгаан сүлжээгээ шинэчлэх, үнэ тариф ямар байх зэргийг нь шийднэ. Бүтээн байгуулалтын хувьд дөрөв орчим жил зарцуулдаг жишиг бий” гэлээ.