“Тэрбум мод” сан хоёр дахь удаагийн буюу 2023- 2024 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтаа зарлажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбарынхны хамтран байгуулсан уг сан 2022-2023 онд 34 төслийг 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн бол ирэх жил 35 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Улаанбаатар хот дахь төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох, хүртээмжийг сайжруулах чиглэлд 10 төсөл шалгаруулан, тус бүрийг нь 30 хүртэлх сая төгрөгөөр санхүүжүүлэх бол олон нийтийн оролцоонд тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийн таван санаачилгыг нийт 500 сая төгрөгөөр дэмжих гэнэ. Тус сангийнхан төслийн саналыг billiontree.mn цахим хуудсаар дамжуулан арванхоёрдугаар сарын 1 хүртэл авахаар болжээ.