Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК /МХБ/ Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
МХБ өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг эхлүүлсэн бол аравдугаар сарын 23-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас хайлуур жоншны баяжмал арилжих захиалгыг хүлээн авлаа. Улмаар аравдугаар сарын 30-ны өдөр 12:00 цагаас 50 багц буюу 3250 тонн хайлуур жоншны баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо. Ийнхүү МХБ нүүрс, төмрийн баяжмалын арилжааг хийж байгаа бол ирэх долоо хоногоос хайлуур жоншны баяжмалын арилжаа хийхээр төлөвлөж байна.