Нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгоход хувь нэмэр оруулж, сэтгэл зүйн дархлааг дэмжих зорилго бүхий “Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүл” төслийн хүрээнд орон гэргүй иргэдийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг нийгмийн салбарын 30 гаруй байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, орон гэргүй иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд тулгамдсан асуудал, шийдэх боломжийн талаар хэлэлцэж, тодорхойлсон юм.
Орон гэргүй, зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь архины хамааралтай, үүний 80 хувийг эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тус иргэдийн архинд донтох болсон гол шалтгаануудын нэг нь гэр бүл салалт байдаг аж.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих үед олон үйлдвэр үүд хаалгаа хааж, тухайн үед ядуурал, ажилгүйдэл, архины хамааралтай игэдийн тоо нэмэгдсэн байдаг. Гудамж, орц хонгил, траншейнд хоноглох, архидан согтуурах явдлыг таслан зогсоох, нөгөө талаас иргэдийн амгалан тайван байдлыг хангах үүднээс 2003 онд Засгийн газрын тогтоолоор “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулсан нь өдгөө Нийслэлийн Засаг даргын дэргэд Нийгмийн хамгааллын тусгай төв нэртэйгээр ажиллаж буй. Тус төв нь өөрийн гэсэн орон гэргүй, орлого хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, бие даасан амьдралд шилжихэд нь туслах зорилгоор 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь сүүлийн найман жилийн хугацаанд нийт 3014 иргэнийг төвд байрлуулан, зохих үйлчилгээнд хамруулж, 634 иргэнийг бичиг баримтжуулан, 1000 иргэнийг ажлын байранд зуучилж, 251 иргэнийг бие даасан амьдралд шилжүүлээд байна. Мөн энэ хугацаанд 1686 иргэн орон гэргүй гэж шинээр бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор цаашид орон гэргүй иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн багтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байгаа юм.
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВ