Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон нэгдэж, Гүнжийн хоолой дахь Их сургуулийн Сургалт, дадлагын төвийг ойжуулах ландшафтын зураг, төлөвлөгөөг боловсруулан мод тарих аяныг жил бүрийн намар, хаврын улиралд зохион байгуулж байгаа билээ.
Энэ намрын “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан энэ оны аравдугаар сарын 14, 17-ны өдрүүдэд 40 албан хаагч 400 гаруй сонсогч, суралцагчид Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвд агч, улиас, хайлаас, бургас зэрэг нийт 10650 ширхэг навчит мод тариалж, усалгаа арчилгаа хийсэн байна.
Түүнчлэн өмнөх жилүүдэд тарьсан 40 мянга гаруй модыг бордож, намрын цэнэг усалгааг хийжээ.
Одоогийн байдлаар Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвд тарьсан моднууд хөрсөндөө дасан зохицож, хэвийн ургаж байна.
Мод тарих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон уриалж байна.