Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын хүрээнд “Зөөвч-Овоо” ордыг хэрхэн эргэлтэд оруулах асуудлаар хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэлэлцсэн байна. Хөрөнгө оруулалт хийх урьдчилсан нөхцөлийг Францын ерөнхийлөгч Макроны Монголд хийсэн айлчлалын үеэр тохирсон бол, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр санамж бичиг байгууллаа. Ингэхдээ гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх тал дээр судалгаа хийсний эцэст “Зөөвч-Овоо” ордын хөрөнгө оруулалтад Монголын тал хувь эзэмшихгүйгээр АМНАТ авах нөхцөлийг тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, Монголын тал хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмших эрхээс бүрэн татгалзаад АМНАТ хэлбэрээр ашиг хүртэх юм. Ингэхдээ, АМНАТ, бүх төрлийн татварыг тухайн хөрөнгө оруулагч компаниас авахаар тооцож, 3.5 тэрбум ам.долларын татварын орлогыг төсөл хэрэгжих хугацаанд авах тооцооллыг гаргажээ.
Үүнд:
- АМНАТ нь 5 хувь, Монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ын нэмэлт 5 хувиар тооцно,
- Дэлхийн зах зээлийн ханшаас хамаараад 11-19 хувийн АМНАТ авна,
- Монголд хэрэгжиж буй татварын хууль, эрхзүйн орчноос давсан аливаа хөнгөлөлт, дэмжлэг, таатай орчин үзүүлэхгүй.
Харин Монгол Улсын Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүйгээр 10 хувийн давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшинэ. Ингэхдээ Ашигт малтмалаас үл хамааран төслийн хугацаанд урьдчилан тогтоосон нөхцөлөөр давуу эрхтэй ногдо ашиг авах, Төсөл хэрэгжүүлэгч компанийн дүрэм, хувь эзэмшилд өөрчлөлт орох зэрэг асуудлаар хориг тавих онцгой эрхтэй байх асуудлыг тохиролцсон байна.
30 жилийн хугацаанд хэрэгжих төслийн нийт хөрөнгө оруулалт 1.6 тэрбум а.доллар. Улмаар гэрээний төсөлд тусгагдах бусад нөхцөлүүдээ талууд зөвшилцөж, дууссаны дараа хөрөнгө оруулалтын гэрээний төслийг холбогдох хуульд өөрчлөлт оруулах саналын хамтаар УИХ-д арваннэгдүгээр сарын дундуур өргөн барина гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өглөө.