“Уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Монгол Улсын эдийн засаг тогтворжсон. Гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 48 хувиар өссөн. Нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тоннд хүрэх төлөв ажиглагдаж байгаа. Зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна” гэв.
Мөн тэрбээр “Уул уурхайн салбарт биржийн тогтолцоог бүрдүүлсэн. Экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх түвшинд очсон төдийгүй тэр үеэс давсан үзүүлэлттэй байгаа. Нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр бус хил нөхцөлөөр борлуулж эхэлсэн. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн үнээр борлуулна. Боловсруулалтын түвшинг нэг шат ахиулахаар зорьж байна. Тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Тээврийн салбарын либералчлал үргэлжилнэ. Биржийн тогтолцоог улам боловсронгуй болгоно. Хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж байгаа, учирч байгаа бэрхшээлийг шийдэхийн төлөө ажиллаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна” хэмээн “Mining Week-2023” чуулга уулзалтын индрээс онцоллоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ жилийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна. Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хүргэх, шинэ төслүүдийг танилцуулах, тэрчлэн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар тандах, салбарын чөдөр тушаа болсон асуудлаа ний нуугүй хоорондоо ярилцах, хэлэлцэх, тал бүрээс нь уудлах, цаашдын хөгжлийг зураглах, гарц, шийдэл рүү зорих нь тус арга хэмжээний зорилго юм.
Уул уурхайн салбарт гарсан томоохон дэвшлүүдийн нэг нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль юм. Нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс тэргүүтэй экспортын голлох бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар буюу биржээр арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль долдугаар сарын 1-ний өдрөө мөрдөгдөж эхэлсэн нь гол түлхэц болсон. Ингэснээр 7.5 сая тонн нүүрс, 100 мянган тонн төмрийн баяжмалыг нээлттэй арилжаалаад байна.