Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ нь өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 113,400 тонн төмрийн баяжмалыг арилжаалаад байна.
Төмрийн баяжмалын эхний арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агууламжтай 72,000 тонн төмрийн баяжмал болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6,800 тонн төмрийн баяжмалыг амжилттай арилжиж, арилжааны дүнд худалдагчаас санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар өсжээ. Тус арилжааны нийлүүлэлт аравдугаар сарын 4-5-ны өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-ын худалдсан эхний 100 вагон төмрийн баяжмал Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн терминалаас БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замын тээвэрлэлтэд гарлаа. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн төмрийн баяжмалын эхний 50 вагон бүтээгдэхүүний ачилт аравдугаар сарын 06-ны өдрөөс эхэллээ.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн баяжмалын ачилт хийгдэх үед МХБ-ийн итгэмжлэгдсэн шинжилгээний лаборатори стандартын дагуу авсан дээжээс чанарын шинжилгээг хийж, гүний гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хийсэн бөгөөд МХБ-ийн холбогдох төлөөлөл байлцаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.