Өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр манай таван тамирчин дэвжээнд гарсан. Тэднээс эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга аваргын төлөө шалгарч үлдлээ.
Тэрбээр эхлээд Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн Бунна Ёныг 10:0, шөвгийн 8-д БНСУ-ын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Т.Тулга алтын төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай 17:00 цагаас барилдахаар боллоо.
Харин эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа Вьетнамын Лай Деү Тонгийг 9:0-ээр, хоёрын даваанд Энэтхэгийн Радхикаг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизийн Нурзат Нуртаевад 8:10-аар дийлдсэн. Хүрлийн төлөө Казахстаны Елина Шалигинатай барилдахаар боллоо.