“Хан жоу -2022” Азийн наадмын байт харвааны төрөлд үндэсний шигшээ багийнхан цэц сорьж буй. Тэднээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд шөвгийн наймд Индонез улсын тамирчин Агата Салсабиллаг 6:0-ээр илүүрхэж, хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор хожсон юм. Тивийн шилдгүүдтэй ур чадвараараа өрсөлдөж, буулгаж авсан тэрбээр мөнгөн медалийн бол зол биелүүлснээр Парисын олимпод өрсөлдөх эрх гардав. Түүнтэй аваргын төлөө энэ сарын 7-нд цэц сорих учраа нь эзэн орны тамирчин Жи Шиан Шоу. Монгол Улс өмнө нь тус наадмаас эл спортын төрөлд медаль хүртэж байгаагүй билээ. Тэрбээр энэ удаагийн наадмаас эх орондоо анхны медалийг авчирч, бас нэгэн шинэ түүх бичив. Тулааны спортоос боксын төрөлд манайхаас 63 кг-ын жинд Б.Чинзориг мөнгөн медалийн төлөөх тулаанд Тайландын тамирчин, Азийн аварга Бунжонг Синсириг 5:0-ээр яллаа . Ингэснээр тэрбээр “Парис-2024” олимпын наадамд оролцох “тийз” өвөртөлсөн юм. Тэрбээр алтан медалийн төлөө Тайванийн Чу Эн Лайтай тулалдана. Тэгвэл засмал замын дугуйн спортын төрөлд манай тамирчдаас С.Жамбалжамц, Ж.Анужин нар хурд сорьсон. Эмэгтэйчүүдийн ангилалд 33 дугуйчин гараанаас гарснаас Ж.Анужин (28 минут 42 секунд 51 доль) 27 дугаар байрт оржээ. Энэ удаа Узбекистаны алдарт дугуйчин, олимпын мөнгө, хошой хүрэл медальт Ольга Забелинкая түрүүлж, Японы Эри Ёнамин мөнгө, Казахстаны Рината Султанова хүрэл медальтай нутаг буцаж байна. Эрэгтэйчүүдийн уралдаанд С.Жамбалжамц VIII байрт жагсав. Тус төрөлд Казахстаны Алексей Луценко аваргаар шалгарсан бол БНХАУ-ын Шу Мин удаалж, Хонконгийн Винсент Лау хүрэл медалийн эзэн болжээ. Манай дугуйчид бөөн гараатай уралдаанд өнөөдөр оролцоно. Усанд сэлэлтийн тэмцээнд манай 29 тамирчин зургаан дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдөж, улсынхаа дээд амжилтыг 15 удаа шинэчлэн тогтоожээ.