“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь жилдээ аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд болно. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ.
Энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцох юм.
Арга хэмжээний үр дүнд салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах гээд салбарт тулгамдаж буй олон асуудлыг шат шатны байгууллагуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлохоор төлөвлөжээ.