Чулуут цагаан дэлийн жоншны орд газарт Монгол, Оросын геологичид 1970-аад оны дунд үед эрлийн ажил, геологийн зураглал хийж, 1978-1982 онд хуучнаар Чехословак Улсын геологийн нарийн мэргэжлийн байгууллага нарийвчилсан хайгуул хийн, нөөцийг тогтоожээ. Тус ордыг 1982 оноос “Монголчехметалл” ХХК ашиглаж, бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ-д экспортлож ирсэн бөгөөд 2020 оноос баяжуулах үйлдвэрээ барьж эхэлсэн байна.
“Монголчехметалл” ХХК-ийн баяжуулах үйлдвэр жилд 200 мянган тонн хүдэр боловсруулж, 97 хувиас дээш агуулгатай 64 мянга тонн жоншны баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Чулуут цагаан дэлийн уурхай 43 хувийн агуулгатай 3.7 сая тонн хайлуур жоншны нөөцтэй бөгөөд 2013 оноос явуулсан олборлолтын үр дүнд 30-35 хувийг агуулга бүхий 400 мянган тонн хүдрийн овоолго хуримтлагджээ. Энэхүү хуримтлалыг шинээр олборлох хүдэртэй хольж баяжуулан, 97 хувиас дээш өндөр агуулгатай баяжмал гаргах технологийн горимыг тус үйлдвэрт суурилуулсан байна.
Буталж, нунтагласан хүдрийг флотацийн аргаар хөвүүлэн баяжуулах үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж, туршилт тохируулгыг БНХАУ-ын Xinhai групп хариуцан ажиллажээ. Үйлдвэрт 1.0 кг хүдрийг баяжуулахад 3.3 литр ус зарцуулах бөгөөд ашигласан усны 86 хувийг дахин ашиглах эргэлтийн усан санг байгуулсан байна. Мөн үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг барилгын материалын түүхий эдийн зориулалтаар ашиглана. Чулуут цагаан дэлийн жоншны уурхай болон баяжуулах үйлдвэрт нийт 280 гаруй хүн ажиллаж байгаагийн 100 орчим нь нутгийн иргэд юм байна.