Монгол Улсын Засгийн Газрын есдүгээр сарын 13-ны өдрийн 345 дугаар тогтоолоор “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад өөрчлөлт оруулжээ. Ингэснээр 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор боллоо.
АМНАТ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 болон 47.17 дахь заалтуудын дагуу тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5-10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр тооцдог бөгөөд борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан эсэхээс үл хамааран www.sxcoal.com, www.umetal.com, www.indmin.com зэрэг олон улсын эх сурвалжид нийтлэгдсэн үнийн мэдээллийг ашиглах зохицуулалттай байсан юм.
Ийнхүү дээрх шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болсон нь бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгыг тээж байна.
Монголын хөрөнгийн бирж нь 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 141 удаагийн арилжаагаар нийт 6.8 сая тонн 6 төрлийн нүүрс, 94.6 мянган тонн 2 төрлийн төмрийн баяжмалыг нийт 2.9 их наяд төгрөгөөр арилжээ. Арилжааны үр дүнд бүтээгдэхүүний зарласан доод үнэ 50 хүртэл хувиар өсөж, худалдагч компаниудын борлуулалтын орлогыг 247.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.