Аравдугаар сарын агаарын дундаж температурыг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Ирэх сард дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага тунадастай байх боловч, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Аравдугаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, агаарын температур сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах төлөвтэйг мэдээллээ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.