Монголын болон Нийслэлийн даамын холбооноос хамтран оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Үүнд 11 их, дээд сургуулийн шилдэг 42 тамирчин хоёр ангилалд өрсөлдөв. Эмэгтэйчүүдээс А ангилалд МУИС-ийн оюутан, Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин түрүүллээ. Эрэгтэйчүүдээс Б.Пүрэвбаатар (ШУТИС) улсын аварга болсон юм. В ангилалд эмэгтэйчүүдээс “Этүгэн” их сургуулийн оюутан С.Аймульдир, эрэгтэйчүүдээс Б.Саруулдалай (МУИС) тэргүүлсэн байна.
Сонирхуулахад, “Алтан хүү” клубийн дасгалжуулагч, ОУИМ Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын эрхлэн гаргасан “Даамын нууцад нэвтрэхүй” цуврал номын II дэвтэр оюуны спорт сонирхогчдын гарт очлоо. Зохиогчид анхан шатны суралцагчаас олон улсын цолтнуудтай ажиллаж байсан туршлагадаа тулгуурлаж уг бүтээлээ бичжээ. Цувралын эхний дэвтрийг бага насны хүүхдүүд болон эхлэн суралцагчид бодоход тохиромжтой. Тэгвэл энэ удаагийнх нь III-II зэрэгтэй тамирчдад зориулагдсан байна. Сурах бичиг, дасгал ажлын дэвтрийн холимог байдлаар туурвисан 67 нүүр бүхий эл номд голланд, франц, польш, орос хэлээр хэвлэсэн даамын сурах бичиг, товхимлуудаас сонгож авсан шилэгдмэл 70 жишээ, 944 бодлогыг багтаасан аж.