Дэлхийн дартсын холбооноос Дани улсын Эсбьерг хотод “Дэлхийн цом”-ын 23 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 25-30-нд зохион байгуулж буй. Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсын дартсын шигшээ багийнхан оронбүрээс ирсэн 184 тамирчинтай холимог, дан эрэгтэй, эмэгтэйчүүдийн хос, баг, өсвөр үеийн төрөлд ур чадвараа сорьж буй билээ. Монголын дартсын спортын түүхэнд тэмдэглэхүйц нэгэн амжилт манай тамирчид тус тэмцээнд гаргав. Тодруулбал, өсвөр үеийн ангиллын дан хосын төрөлд оролцсон Ц.Эгшиглэн, Б.Номинтуяа нар III байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Энэ нь манай дартсын тамирчдын хувьд олон улсын хэмжээнд үзүүлсэн дээд амжилт юм.