Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монголын их говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
“Элсэн цөлийн сафари” аялал нь дэлхийн улс орнуудад маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай нь элсэн цөлийн аяллаараа дэлхийн олон мянган жуулчдыг татдаг. Тус байгууллага нь Элсэн цөлийн сафари аяллын туршлагатай бөгөөд Монгол Улсад хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлоод төслөө танилцуулан, мэдээлэл солилцжээ.
Сафари аялал сонирхогчдыг цуглуулж, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах дотоод, гадаадын жуулчдыг татах аялал жуулчлалын салбар шинэ эх үүсвэр бий болгох боломжтой. Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, ховор ан амьтан, ургамлыг жуулчид ихээр сонирхож байгаа. Ковидын дараа аялал жуулчлалын салбараа сэргээсэн улс орнуудын тоонд Монгол улс орсон байна. Жуулчдад үзүүлэх аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулахад салбарын яамнаас анхаарч, Дубайн аялал жуулчлалын салбараас туршлага солилцон, хамтран ажиллахаар боллоо.