Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэхэд улс орнууд, компаниуд төдийгүй иргэд ч анхаарах болсон. Тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахын тулд хүмүүс амьдралын хэв маяг, сонголтдоо өөрчлөлт оруулах болсон билээ. Тухайлбал, сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэн хэрэглээгээ хангах, ногоон орон сууцад амьдрах зэргийг энд дурдаж болно. Ийм орон сууцууд дэлхийн улс орнуудад бий. Ялангуяа 39 дүгээр өргөргөөс урагш байрладаг, дулаан цаг агаартай орнуудад цөөнгүй аж. Дулаан цаг агаартай Европын орнуудад ногоон орон сууцын ам метрийг нь 3000 еврогоор барьж буй талаарх мэдээлэл бий. Тэгвэл 47 дугаар өргөрөгт оршдог Улаанбаатар хотод 40 хэм хүрч хүйтэрдэг ч амины ногоон орон сууцын ам метрийг нь 700-800 евро буюу 2.5-3.3 сая төгрөгөөр барих шийдэл олсон “Хайбрид хаус” компанийг бид онцолж байна. 2017 онд байгуулагдсан тус компанийнхан хоёр жилийн дараагаас ногоон орон сууц барьж эхэлснийг гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ нь хэлэв. Тэд Яармагт дахиж жорлон ухах газаргүй, битүү шарилжтай болчихсонх ашаа авч, эхний загварын байшингаа барьж байжээ. Монголд 100 ам метр талбайтай байшинг 10 кВт цахилгаанаар халаадаг бол дээрх компанийнхан эл тоог нэг кВт болгон бууруулж байж. Одоогоор тэд 200 орчим ногоон орон сууц ашиглалтад оруулаад буй гэнэ.
Ц.Бат-Эрдэнэ багадаа Дэнжийн мянгад гэр хороололд амьдардаг, гэрээсээ гараад тэнгэр лүү харахад бүрхэг, нарны илч бүдэг тусдаг байсан талаар өгүүлэв. Харин бидний ярьдгаар төмөр зам дахь сургууль дээрээ 30 минутын дараа ирэхэд нь нарны илч илүү тусдаг байсан гэлээ. Тэрбээр “Амьдралын түвшнээс хамаараад нарны илч хүртэл хүнд ялгавартай тусна гэдэг бол аймшигтай зүйл. Энэ нь муухай мэдрэмж төрүүлдэг байсан. Улаанбаатар хотын төвөөс холдох тусам тэгш бус байдал нэмэгдэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар ялгаатай болдог нь одоо ч хэвээр. Манайд нийгмийн ялгарал маш ихээр үүссэн нь том асуудал. Яагаад ногоон орон сууц барихаар зорьсон бэ гэхээр ядаж хүмүүс дээр нар адилхан тусдаг байгаасай гэж хүссэн. Амьдралын түвшнээ өөрчлөх гээд чадахгүй байгаа өрхүүдийг ногоон байшинтай болгох боломж бий” гэж ярилаа. Өсөн нэмэгдсээр буй эрчим хүчний эрэлтийг хангах цахилгаан станц барьж, гэр хороолол руу дэд бүтцийн шугам татах ажил төр, засгаас хамааралтай. Нөгөөтээгүүр, ипотекийн зээлийн шаардлага хангах айл олон үлдээгүй гэх нь ч бий. Энэ бүхнийг шийдэх боломжтой хэмээн дээрх компанийнхан үзэж буй талаар бид дараа хүргэх болно.
2003 онд зурагтаар мэдээ үзэж байгаад хүлэмжийн хий ялгаруулаагүй бол олон улсаас төлбөр авч болдгийг сонсоод гэр хороолол дахь айл жилд 5-10 тонн нүүрс түлэхээ больчихвол байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй юм гэж бодсон талаараа Ц.Бат-Эрдэнэ хэлж байлаа. Гэхдээ тэр үед ногоон байшин гэж юу вэ гэдгийг мэддэггүй байсан бол харин 20 жилийн дараа Монголд ийм орон сууц барих хамгийн боломжит арга нь нарыг ашиглах гэж шийдээд, технологио нэвтрүүлжээ. Тодруулбал, тэд дулааны эрчим хүчний өндөр хэмнэлттэй, халаалтын зардалгүй байшин барьж буй аж. Эл амины ногоон орон сууц нь нарны илчээр дулаанаа шийдсэн, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, дөрвөн улирлын турш амьдрах боломжтой гэнэ. Уг байшинг нарны илчээр халдаг, дулааны батарейтай гэхэд болно. Байшингийнхаа урд талд нараар халдаг дулааны нөөцлүүр бий болгосон агаад шилэн гонхтой.
Нэг ёсондоо байшингийн урд талын ханыг дулааны батарейтай болгочихож буй хэрэг. Тухайн байшингийн таазны өндөр, намаас шалтгаалж гонхны хэмжээ нь өөрчлөгдөх бөгөөд зун хэт халахгүй, өвөл нарны тусгалыг илүү “оруулдаг” аж. Тиймээс нарны тусгалыг тооцоолж гонхоо барьдаг гэсэн үг. Жишээ нь, нарны тусгал зургадугаар сарын 21-нд хамгийн өндөр буюу 78, арванхоёрдугаар сарын 21-нд 16 градус болох зэргийг харгалзан барьдаг байх нь. Ингэснээр зун халуун биш, өвөл хамгийн хүйтэн үед шилэн гонхон дотор агаарын температур40-50, хана нь 80-90 градус хүртэл халдаг аж. Улмаар халсан агаарыг агааржуулалтын систем рүү “оруулдаг” байна. Үүнээс гадна бохирыг 98 хувь хүртэл цэвэршүүлэхийн сацуу усны хэрэглээг бууруулжээ. Тодруулбал, бактери үржих таатай орчин бүрдүүлж, цэвэршүүлээд, хөрсөнд шингээдэг агаад зүлэг услах зэрэгт дахин ашиглах боломжтой юм байна. Заавал дэд бүтэцтэй газар байх шаардлагагүй, 45-60 хоногт багтаан хаана ч барих боломжтой энэхүү амины ногоон орон сууцын дулаалга сайн учраас насжилт нь урт гэнэ. Дээрх компанийнхан одоогоор жилд 40- 50 ногоон байшин барьж буй юм билээ. Тэдний үйлчлүүлэгчдийн нэг болох, байгальд ээлтэй амьдрахыг зорьж сонголтоо хийсэн нэгэн өрхийг бид уншигчдадаа танилцуулж байна.
Яндангүй буюу байгальд ээлтэй, хүлэмжийн хий ялгаруулахгүй амины орон сууцад амьдрах хүсэлдээ хөтлөгдөн ногоон байшин бариулж буй С.Эрдэнэцэцэгтэй уулзлаа. Тэрбээр нөхөртэйгөө зөвшилцөн, Баянзүрх дүүргийн XX хороон дахь Гачууртын зусландаа 70.4 ам метр талбайтай амины ногоон орон сууц бариулж байгаа юм. Санхүүч мэргэжилтэй С.Эрдэнэцэцэг амины орон сууцтай болохоор цар тахал дэгдсэн үеэс бодож эхэлсэн ч барилгын ажлаа ийнхүү эхлүүлээд удаагүй аж. Товчхондоо, дулааны эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амьдрах, хотын түгжрэл, хүн амын нягтралаас холхон, алсдаа ашиглалтын зардалгүй, эрүүл агаарт амьдрах сонирхолтой учраас ийм сонголт хийжээ.
Манай сонинд цувралаар нийтэлж буй эрчим хүч нийлүүлэгч, дэд бүтцээ шийдсэн амины ногоон орон сууцын талаарх нийтлэл, сурвалжилга, дулааны алдагдалгүй байшингийн ач холбогдол, үр ашгийн талаарх мэдээллийг судалсан нь тэдний шийдвэрт нөлөөлжээ. Биднийг өнгөрсөн баасан гарагт Гачууртад очиход орон сууцын барилгын ажлынх нь явц 30 гаруй хувьд хүрсэн байв. Тодруулбал, “Хайбрид хаус” компанийнхан түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр барьж буй эл байшингийн гадна болон дотор тусгаарлах ханыг босгон, дээврийг нь хийсэн байлаа. Энэ нь гурав орчим метрийн өндөр тааз, 80 см-ийн гүн суурь, нар удаан тусах урд зүг рүү харуулсан гонхтой байшин юм. Суурийг нь ийн гүн цутгасан нь газрын гүний цэвдгээс сэргийлж, дулааны алдагдлыг бууруулах давуу талтай аж. Үүнийг Монголд үйлдвэрлэсэн ханын материалаар барьж буй бөгөөд дээрх компанийн технологийн тусламжтайгаар дулааны эрчим хүчний 95 орчим хувийн хэмнэлттэй сууц ашиглалтад оруулахаар ажиллаж буй.
Эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй айлууд Уур амьсгалын ногоон сангаас санхүүжилт авч болдог. Нүүрсний утаа, хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр байгаль орчинд ээлтэй аж төрөх нь санхүүгийн хувьд тус дэмтэйг С.Эрдэнэцэцэг хэлж байлаа. Одоогоор дээрх санд бүртгүүлж, төлбөр авч буй нэг айл Монголд байгаа аж. Үүний тулд айл өрхүүд эрчим хүчээ хэрхэн хэмнэж буй талаарх мэдээллээ тогтмол цуглуулж, дата бүрдүүлэх хэрэгтэй юм байна. С.Эрдэнэцэцэг байшингийнхаа талаарх мэдээллийг амины ногоон орон сууцтай болохыг сонирхож буй хүмүүст хүргэхээр фэйсбүүк хуудас саяхан нээжээ. Тэднийх байшин барих хөрөнгөө хотын төв дэх хоёр өрөө орон сууцаа зарж олсон юм байна.
Гэрийн эзэгтэй “Халаалт, усан хангамжийн шийдэлгүй буюу дэд бүтэцгүй бүсэд хэрхэн тав тухтай, байгальд ээлтэй амьдрах талаар судалж байж шийдвэрээ гаргасан. Үүнд хамгийн тохиромжтой шийдэл нь амины ногоон орон сууц. Нарны энерги хуримтлуулах гонхны тусламжтайгаар бусад өрөөнд дулаан сэлгэн халаагуур тавих шаардлагагүй болно. Гэхдээ эрсдэлийг тооцон зочны өрөөндөө нэг халаагуур тавихаар төлөвлөсөн. Түүнчлэн өөрсдөө санаачилгаараа нарны, бага хүчин чадалтай панель ашиглан цахилгаан гаргана. Худагтай учраас усан хангамжаа шийдэн, байгальд ээлтэй ариун цэврийн систем суурилуулахаар төлөвлөсөн. Усны хэрэглээг хамгийн бага байлгахыг гүйцэтгэгч компани шийдэж өгөх юм” хэмээн ярив.
Дээрх амины орон сууцын ам метрийнх нь үнэ 3.3 сая төгрөг аж. 70.4 ам метр хэмжээтэй гэхээр 230 гаруй сая төгрөг зарцуулна гэсэн үг. Улаанбаатарт орон сууцад амьдарвал байгалийн аливаа гамшиг, осол, эрсдэлийн үед цахилгаангүй, усгүй болохыг бид өнгөрсөн зун хангалттай мэдэрсэн. Бас сар бүр цахилгаан, ус, дулаандбагагүйтөлбөртөлнө. Гэр хороололд амьдардаг 100 орчим ам метр байшинтай айлууд өвлийн ид хүйтэнд түлш, цахилгаан халаагуурын зардалд 100 000-аас дээш төгрөг төлдөг аж. Харин амины ногоон орон сууц ашиглалтын зардал багатай. Ид хүйтний үед сард халаалтын зардалд хамгийн ихдээ 20 000 төгрөг зарцуулах тооцоо хийжээ.
Харьцуулж үзвэл дээрхайлжил бүрийн 11-2 дугаар сард сар бүр 20 000 төгрөг төлнө гэвэл 80 000-ыг л зарцуулах юм. Харин ийм мөнгөөр орон сууц, гэр хороололдахьбайшингийн өвлийн улирлын нэг сарын зардлыг ч төлж чадахгүй. Аминыногооноронсууцтайиргэн ийм бага зардлаар, эсвэл зардал гаргалгүй амьдрах боломжтой. Харинцахилгаан, дулаан, түлшний үнэ өсөхийн хэрээр орон сууцынхан болон гэр хорооллынхны зардал улам нэмэгдэнэ. Үүнээс гадна хүлэмжийн хий “үйлдвэрлэн”, агаарын бохирдол үүсгэж, өөрсдийн болон өрөөлийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөрбайна гэсэн үг. Бид дээрх амины орон сууцын барилгын ажлын явц, ашиглалтад оруулах үе, байгальд ээлтэй шийдэл болон бусад мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.