- Ургац хураалтын ажил удааширч, зардал өсөх нь -
Ховд аймгийн нутагт энэ сарын 26-27-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, цаг уурын гамшигт үзэгдэл болжээ. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор цаг агаарын гамшигт үзэгдлийн жагсаалтыг баталсан байдаг аж. Түүнд тусгаснаар бол 12 цагийн хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг гамшигт үзэгдэлд тооцдог юм байна. Тэгвэл Ховдын Мянгад сумд 27, Жаргалантад 15, аймгийн төвд 13 мм хэмжээтэй цас оржээ. Эл нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд “Ховдод модод цасаа даахгүй налж унаж байна” хэмээн нийгмийн сүлжээнд бичиж байлаа.
Цасны улмаас өчигдөр тус аймгийн нутаг дахь Бураатын давааны зам хаагджээ. Үүнтэй холбоотойгоор иргэд түр хугацаанд тус чиглэлд зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулсан байна. Түүнчлэн Ховдын Дуутад нэг, мөн тус сумаас Жаргалант руу явах зам бас нэг машин цасанд суусныг татан гаргаснаа мэдээлсэн юм. Мөн “Ховд цахилгаан түгээх сүлжээ” компаниас “Их хэмжээний цас орсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтэж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна” гэж мэдэгдлээ. Түүнчлэн “Ховд дулааны станц” ТӨХК-иас “Цахилгаан эрчим хүчний тасалдалт үүссэнтэй холбоотойгоор станцын дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа доголдож, ослын горимд ажиллаж байна” хэмээн мэдээлэв. Баян-Өлгий аймагт бас цас орж, агаарын температур-15 градуст хүрч хүйтэрсэн байна. Өчигдрийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл аймгийн зарим сумын нутаг цастай байсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Үүнээс Хөвсгөлийн Ханх сумд хамгийн их буюу 30 см- ийн зузаан цасан бүрхүүл тогтсон гэнэ.
Ирэх сард агаарын дундаж температур баруун, говийн, төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад газраар дунджийн орчим байх төлөвтэй гэнэ. Хур тунадасны хувьд говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан байна. Бусад нутгаар дунджийн орчим байх аж. Сарын эхээр хур тунадас ахиу орж, сэрүүхэн байх аж. Түүнчлэн сарын дундаас хойш ихэнх нутгаар цас орж, зарим газарт цасан болон шороон шуургатай байхыг анхааруулжээ.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас ургац хураалт удааширч, зардал өсөж болзошгүй нь. Орон даяар уржигдрын байдлаар үр тарианы ургац хураалт 5.7, тос болон тэжээлийн ургамлынх 5-7, төмс, хүнсний ногооных 40 орчим хувьтай байсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй төмс, хүнсний ногоо хураах явц ижил, улаан буудайнх бага байгаа аж. Зарим нутгаар бороо, цас орсны улмаас улаан буудайн хураалтийн хүү хойшилж, ажил удаашрах, зардал өсөхөд нөлөөлжээ. Энэ талаар дээрх яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Улаан буудай ерөнхийдөө чийгтэй, түрүү нь налсан байна. Тиймээс иш өргөгч техникийг аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгон, хатаагчид хатаах боломж олгож буй. Ургац хураалтад оролцуулах залуусын тоог нэмэгдүүлэх, өдгөө ажиллаж буй оюутнуудын хугацааг нь сунгаж өгөх хүсэлт компаниудаас ирүүлж байгаа учраас их сургуулиудад нь уламжилсан. Мөн тариан талбайд мал оруулахгүй байх, таримал бүтээгдэхүүнийг хөлдөж, хайрагдахаас сэргийлэх ажлыг хийж байна. Ургацыг технологийн хугацаанд нь багтаан хураахаар төлөвлөн, тариаланчид уртасгасан цагаар шаргуу ажиллаж байгаа” гэлээ. Ташрамд дурдахад, энэ намар манай улс үр тариа 501 000, төмс 165 000, хүнсний ногоо 165 700, тосны ургамал болон малын тэжээл 290 400 тонныг хураахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 3300 гаруй оюутан эл ажилд оролцож байна.