Берлиний марафонд таамаглал ёсоор олимпын хошой аварга, энэ зайд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Э.Кипчоге түрүүллээ. Кени гүйгч өөрийнх нь хувьд дундаж гэж болохоор амжилт (2.02.42) үзүүлсэн ч аман хүзүүдсэн В.Кипкемоигоос даруй хагас минутын өмнө барианд оржээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд жинхэнэ сенсац дэгдэж, Этиопын Т.Ассефа эл марафонд хоёр дахиа дараалж түрүүлсэн төдийгүй дэлхийн дээд амжилт тогтоов. Зүгээр ч нэг дээд амжилт бус, 2019 онд Б.Косгеигийн тогтоосон дээд амжилтыг 131 секундээр ахиулжээ.
Валенсиагаас гадна гүйхэд хамгийн таатай марафоны нэгт тооцогддог Берлиний марафоны өмнө Э.Кипчоге шинэ рекорд тогтоож чадах, эсэх нь олны анхаарлыг татаж байв. Түүнд боломж байсан, учир нь тэрбээр замын талыг 1.00.22 цагийн амжилттай туулсан юм. Гэвч уралдааны хоёрдугаар хагаст хурд нь саарчээ. “Уралдааны явцад хэд хэдэн удаа хурд маань саарсан. Гэхдээ марафонд гүйх ийм л байдаг. Дээд амжилтаа эвдэхийг хүссэн ч чадсангүй. Спортод ийм зүйл гардаг. Марафон бүр сургамж” хэмээн кени гүйгч ярьжээ. Тэрбээр Берлинд тав дахиа түрүүлж буй ч хэвлэл мэдээллийнхэн түүнийг бараг “тоосонгүй”. Дэлхий даяар сүүлийн хоёр өдөр зөвхөн Т.Ассефаг л ярьж байна.
Эмэгтэйчүүдийн марафон уралдааны толгой хэсэгт 12 хүн дэлхийн дээд амжилтаас бага хурдаар гүйж байлаа. Гэвч этиоп бүсгүй уралдааны дунд хэсгээс (амжилт нь 1.06.20) хурдаа улам бүр нэмсээр нэрээ түүхэнд үлдээх амжилтын эзэн болж чадсан юм. Тэрбээр Берлиний марафонд хоёр цаг 11 минут 53 секунд (2.11.53)-ийн амжилтаар түрүүллээ. Ингэснээр дөрвөн жилийн өмнө Чикагод Б.Косгеигийн тогтоосон амжилтыг үлэмж хэмжээгээр ахиулав.
Хамгийн сонирхолтой нь тэрбээр өнгөрсөн жил л эхний марафондоо оролцож, Эр-Риядад 2.34.01 цагийн амжилт үзүүлж байв. Гэвч хагас жилийн дараа Берлиний марафонд түрүүлж бүгдийг гайхшируулсан. Нэг жилийн өмнө Берлинд Т.Ассефа 42 км 195 м зайг 2.15.37 цагийн дотор туулсан юм. Энэ нь түүхэнд гуравт орох үзүүлэлт. Тэгвэл энэ удаад ойрын хэдэн жилдээ эвдэгдэхээргүй дээд амжилтын эзэн боллоо.
“Энэ бол сүүлийн хэдэн жилийн маань цуцашгүй хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна. Би энэ улиралд ямар нэг уралдаанд оролцолгүй зөвхөн Берлиний марафонд бэлдсэн. Дэлхийн дээд амжилтыг эвдэхийг хүссэндээ хүрлээ” гэж 2016 оны олимпын наадмын 800 метрийн зайд уралдсан Т.Ассефа ярьсан байна.
Энэ жил 26 настай гүйгч бүсгүй замналынхаа эхэнд 400 м, 800 м-ийн зайд уралддаг байв. Марафонч болохоос өмнөх шилдэг амжилт нь Африкийн залуучуудын АШТ-ий 4х400 метрийн буухиа уралдаанд дэд байрт орсон нь юм. Насанд хүрэгчдийн түвшинд олон улсын томоохон тэмцээнүүдээс медаль хүртэж үзээгүй. Риогийн олимпод амжилт муутай (20 дугаар байр) оролцсоны дараа Т.Ассефа тамирчны замналаас завсарлага авч, 2018 оноос холын зайд уралдах болжээ. Түүний дараагийн мөрөөдөл нь 2024 онд Парист болох олимпын наадамд оролцох юм. Тэрбээр ихэвчлэн хагас марафонд гүйж байгаад цар тахлын хоёр жилийг бүтэн алгасаж, 2022 оноос гэнэт топ түвшний тамирчин болсон. Зөвхөн шаргуу хөдөлмөрөөр тайлбарлана гэхэд хэцүү маш хурдан тэсрэлт.
Т.Ассефаг сэргээш хэрэглэдэг байж магадгүй гэсэн яриа спортын хүрээнийхэн дунд цухалздаг ч гэнэтийн амжилтын нууц нь пүүзэнд байж болох юм гэсэн таамаглал гараад байна. Т.Ассефа Берлинд “Adidas” компанийн “Уралдааны хил хязгаарыг эвдэх өвөрмөц технологиор төгс төгөлдөр болгож урласан” гэж рекламдаж буй “Adizero adios pro evo 1” шинэ пүүзийг өмсөж уралдсан юм. 500 еврогийн үнэтэй гүйлтийн эл пүүзийг нэг уралдаад л хаях ёстой гэнэ. Этиоп гүйгчийн түүхэн ялалтын дараачаас уг загварын урьдчилсан захиалга тэнгэрт тулсан тухай Германы компани мэдээлсэн юм.