Эрдэс баялгийн салбарын статистик мэдээллийг энэ оны 1-8 дугаар сарын байдлаар гаргасныг УУХҮЯ-наас өчигдөр танилцуулав. Энэ хугацаанд манай улс 42.64 сая тонн нүүрс, 1.02 сая тонн зэсийн баяжмал, 3.65 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 3.16 сая баррель газрын тос, 119.3 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 624.1 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал нийлүүлжээ. Мөн Төвбанканд 10.3 тонн алт тушаасан дүн гарчээ. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, хайлуур жоншны хүдэр, молибдений баяжмал, газрын тос, алт, мөнгө, катодын зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын дийлэнх буюу 91.7 хувийг эзэлсэн байна. Тэгвэл эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.6 хувийг газрын тос эзэлсэн аж.
Эхний найман сарын байдлаар эрдэс баялгийн салбараас төсөвт 5.21 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.71 их наядаар буюу 2.1 дахин өссөн үзүүлэлт болов. Тодруулбал, үүний 4.96 их наядыг нь (32.5 хувь) уул уурхай, олборлох, 200 тэрбумыг нь (1.3) газрын тосны салбар, 21.8 тэрбумыг нь (0.1) тусгай зөвшөөрлийн төлбөр, 33.5 тэрбумыг нь (0.2) бусад орлого бүрдүүлсэн гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор