Ням гарагт Вашингтон дахь Кубын Элчин сайдын яам руу үл таних этгээд хоёр Молотовын шингэн /шатамхай шингэнтэй лонх/ шиджээ. Энэ тухай Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла мэдэгдэв.
"Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний шөнө АНУ дахь Кубын Элчин сайдын яам террорист халдлагад өртөв. Үл таних этгээд манай улсын бүрэг төлөөлгчийн газрын байр руу хоёр Молотовын шингэн шидлээ. Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын дунд бэртэж шархадсан хүн байхгүй" гэж Паррилла өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан эсэхийг тэрээр тодорхой хэлээгүй байна.
АНУ дахь Кубын дипломат төлөөлөгчийн газар анх удаа халдлагад өртөж байгаа нь энэ биш бөгөөд гэмт этгээдүүд ямар ч шийтгэл хүлээхгүй байгаа учраас энэхүү гэмт хэрэг давтагдаж байна гэж дипломатч нэмж хэлжээ.
"Дээрх үйл явдал 2020 оны дөрөвдүгээр сараас хойш Вашингтон дахь дипломат төлөөлөгчийн газар руу хийсэн хоёр дахь халдлага юм. Эхний удаа төв байр руу пулемётоор буудсан. Кубын эсрэг үзэлтэй бүлэглэлүүд ял шийтгэлгүй үлдэж байгаагаа мэдэрсэн учраас терроризмыг үйлдэж байна. Кубын зүгээс АНУ-ын эрх баригчдад удаа дараа анхааруулж байсан" гэж Бруно Родригес Паррилла бичсэн байна.
2020 оны дөрөвдүгээр сард Вашингтон дахь Кубын Элчин сайдын яамны байр руу үл таних эр гал нээсэн юм. Төлөөлөгчийн газрын ажилтнууд бэртэж гэмтээгүй ч эд материалын хохирол учирчээ. ЭСЯ-ны байр руу буудсан явдлыг Гавана терроризмын үйлдэл гэж үзжээ.