АНУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд БНН-аас нэр дэвших хүмүүсийн өрсөлдөөн ширүүсэж байна. Энэ дунд Үндэсний санал асуулгад тэргүүлсэн Дональд Трампыг нэр дэвшүүлэх, эсэх нь эргэлзээтэй болж мэдэх нь. Түүний холбогдсон, 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгохыг завдсан хэргийнхньшүүх хурлыг 2024 оны гуравдугаар сарын 4-нд хийхээр товлосноо шүүгч Таня Жуткан мэдэгдсэн. Тусгай прокурор Жек Смит Америкийн 45 дахь Ерөнхийлөгчийг шүүх хурлыг 2024 оны нэгдүгээр сарын 2-нд эхлүүлэхийг хүссэн ч Трампын өмгөөлөгч нар сонгууль болсноос хойш 17 сарын дараа буюу 2026 оны дөрөвдүгээр сард хийх санал тавьжээ. Шүүгч Жуткан энэ хугацааг хэтэрхий хол гэж үзсэн байна.
Насанд хүрэгчдэд зориулсан кинонд тоглодог жүжигчинд мөнгө төлсөн гэх санхүүгийн хэргээр ирэх оны гуравдугаар сарын 25-нд Нью-Йоркт, нууц бичиг баримттай буруу харьцсан гэх хэргээр тавдугаар сард Флоридад Д.Трампыг шүүх юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах нам доторх сунгаа ирэх оны нэгдүгээр сард эхэлнэ. Нам дотроо Д.Трамптай өрсөлдөхөөр Майк Пенс, Рон Десантис, Крис Кристи, Никки Хейтли нар зэхэж байгааг Америкийн хэвлэлүүд онцолж байна.
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчдөөс эрүүгийн хэрэгт яллагдаж буй анхны хүн болж буй юм. Шүүхийн эхний ажиллагаа нэг цаг орчим үргэлжлэв. Энд байсан хүмүүсийн өгүүлснээр бол Ерөнхийлөгч асныг буруутгах үйл явц бусдаас өөр байсан бөгөөд түүний гарт гав хийсэнгүй. Эндээс гарч Флорида дахь байрандаа ирээд хийсэн мэдэгдэлдээ, Манхэттений прокурор Элвин Брегг, шүүгч Хуан Мэрчан нар “өөрт нь дургүй” учраас намайг мөрдөж, мөшгөсөн байна гэж хэлжээ. Энэ явдлыг Трамп “сонгуулийн үйл явц руу хийсэн өргөн цар хүрээтэй дайралт” гэж нэрлэв. Харин Элвин Брэгг “хуулийн өмнө хүн бүр тэгш, мөнгө хийгээд эрх мэдэл үүнийг өөрчилж чадахгүй” гэжээ.
Д.Трампыг хуулийн 34 заалтыг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа. Юуны урьд арван жилийн өмнө дотно харилцаатай байсан кино жүжигчин эмэгтэй Сторми Дэниелсэд 130 мянган ам.доллар төлснөө 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр нууж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж буй аж. Дуугүй байснаар сонгогчдод эерэг нөлөөлсөнд жүжигчинд талархаж Трамп энэ мөнгийг өгчээ. Үүнийг нь сонгуулийн кампанийн үед хийсэн хууль бус үйлдэл, эрүүгийн гэмт хэрэг гэж Манхэттений тойргийн шүүх үзсэн аж. Гэхдээ Колорадо муж улсын прокурорын туслах байсан Дэвид Копелийн бодлоор Трампын энэ үйлдэл хууль зөрчсөн гэжнотлоход их төвөгтэй гэнэ. Мөнгийг Трампын өмгөөлөгч Майкл Коэн аваачиж өгчээ. Ташрамд дурдахад, Трампын орооцолдсон хормой хотны явдал үүгээр дуусаагүй бололтой. Карен Макдугал гэдэг загвар өмсөгч эмэгтэй 2006 онд Трамптай танилцаж, 10 сар орчим хугацаанд түүнтэй уулзаж, учирч явж. Харин энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуугиан тарихгүй байхад Трампын найз Дэвид Пекер ихээхэн чармайлт гаргасан гэнэ. Трампын хоёр ч нууц амрагийг амаа хамхиж байсных нь төлөө 280 мянган ам.доллар төлсний учир өмгөөлөгч Коэн 2018 онд шоронд гурван жил хоригдох ял авсан байдаг.
Нууц амраг бүсгүйдээ мөнгө зарцуулж байсан сенатын гишүүн асан Жон Эдвардын хэргийг арав гаруй жилийн өмнө тангарагтны шүүх хэрэгсэхгүй болгож байж. Трампынх үүнтэй тун төстэй юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн шүүгчид энэ хэргийг хаана гэдэгт Трампын өмгөөлөгч нар найдаж байгаа юм. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх нь нэгэнт тодорхой болсон хүний эсрэг дэгдээд буй энэ үйл явцыг улс төрийн зорилготой хэмээн үзэж, БНН-аас мөн нэр дэвшигчийн төлөө тэмцэлдэхээр зэхэж буй хүмүүс, тухайлбал, Флорида мужийн амбан захирагч Рон Десантис тэргүүнтэй Трампыг ширүүн шүүмжилж байсан өрсөлдөгчид нь ч түүнийг хамгаалах болсон байна. Санал асуулгын дүнгээс үзвэл бүгд найрамдахчуудын дунд Трампын нэр хүнд саяхнаас дээшилж байгаа аж. Трампыг шүүх буруутай гэж үзсэн байлаа ч хуульчдын үгээр бол түүнийг сонгуулийн өмнөх кампаниа өрнүүлэхэд ч, сонгуульд ялж Ерөнхийлөгчийн албыг хашихад нь ч саад болохгүй гэнэ.
Гэтэл Трампад заналхийлж буй шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа үүнээс өөр хэд хэд байна. Жоржиамужийн сонгуулийн комиссын дарга Брэд Раффенспертэй 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа нэгэн хүн утсаар ярихдаа “Жо Байдены аваад байгаагаас ганцханаар илүү гарах 11 780 санал олохыг би хүсэж байна. Ердөө үүнийг л хүснэ” гэж ярьжээ. Дуу нь Трампынхтай төстэй байж. Гэтэл тус мужид Жо Байден 11 779 саналын илүүгээр ялсан юм санж. Хэрэв татгалзсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээж болзошгүйг анхааруулсан хүн Трамп мөн байсан бол комиссын дарга болон түүний хуулийн зөвлөх Райан Жермани нарыг айлгаж орхисон гэж уг бичлэгийг хэвлэж олны сонорт хүргэсэн “The Washington post” сонин мэдээлж байжээ. Сонгуулийн дүнг будилуулах зорилгоор хуйвалдах гэсэн энэ хэргийг Жоржиа мужийн прокурорын газар одоо мөрдөн шалгаж байна. Үүнд Д.Трамп буруутай нь нотлогдвол гурав хүртэл жил шоронд хоригдох хуулийн заалттай юм. Бас сонгуулийг зохион байгуулж буй хүмүүстэй үгсэж, тэдний үйл ажиллагаанд санаатайгаар хөндлөнгөөс оролцохыг оролдсон гэж Трампыг буруутгахыг үгүйсгэхгүй.
2021 оны нэгдүгээр сарын зургаан АНУ-ын түүхэнд хамгийн хар өдрүүдийн нэг болж үлдсэн. Трампыг дэмжигч хэдэн зуун хүн Капитолын байрыг эзэлж, таван хүний амь үрэгдсэн байдаг. АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын тусгай комисс Капитолыг эзэлж авсан хэргийг мөрдөн шалгаад Ерөнхийлөгч асныг албан ёсоор асуудлыг шийдвэрлэхэд саад хийсэн, Засгийн газрыг мэхлэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан, худал мэдүүлэг өгөх зорилгоор хуйвалдсан, бослого тэмцэлд өдөөн турхирсан гэсэн хуулийн дөрвөн заалтыг үндэслэн мөрдөн шалгахыг Хууль зүйн яаманд санал болгосон байна. Тусгай прокурор Жек Смит Хууль зүйн яамны нэрийн өмнөөс 2022 оны арваннэгдүгээр сараас Трамптай холбоотой хэргийг мөрдөн шалгаж байгаа. Үүн дотор Конгресс руу цус урсгасан дайралт хийснийхээ төлөө Трамп ямар хариуцлага хүлээж болох вэ гэдэг асуудал онцгой байр эзэлж буй юм. Трамп Капитолыг эзлэхийн өмнө өөрийн талынхныг тийшээ дайран очиж, хүч чадлаа харуулахыг уриалсан байдаг.
Бирмингемийн их сургуулийн улс төр судлаач Данн болон улс төрийн олон тоймчийн үзэж буйгаар Трампад аюул учруулж болзошгүй бас нэг зүйл байгаа нь Мар-а-Лаго эзэмшилдээ Засгийн газрын нууц баримт бичгийг хадгалж байсан гэх хэрэг юм. 2022 оны наймдугаар сард Холбооны мөрдөх товчоо энд нэгжлэг хийгээд Цагаан ордноос явахдаа Трамп хамгийн дээд түвшний нууцлалтай олон тооны баримт бичиг авсныг илрүүлсэн юм. Уг нь тэдгээрийг Трамп өөрийн бүрэн эрхийн хугацаа дуусахад Үндэсний архивт шилжүүлж өгөх ёстой байв. Энэ тохиолдолд Трамп баримт бичиг хууль бусаар авч, хадгалж, нууж, шүүхийн ажиллагаанд саад хийсэн гэсэн хуулийн гурван заалтыг зөрчсөн, эсэхийг тусгай прокурор Смит шийдэх ёстой байлаа. Түүнчлэн Ерөнхийлөгч асан тагнах үйл ажиллагааны тухай хуулийг ч зөрчсөн хэмээн буруутгагдах магадлалтай юм. Энэ хуульд өөр улсын тагнуулын байгууллагын эрх ашгийн төлөө мэдээлэл нууцаар цуглуулахтай холбоотой зөрчил төдийгүй, улс орны аюулгүй байдлын хувьд чухал баримтыг буцааж өгөхөөс татгалзсан гэх гэмт хэргийг тусгасан байдаг. Трамп өөрөө Ерөнхийлөгч байхдаа ийм хэрэгт оноох шийтгэлийг чангаруулж тав хүртэлх жилээр шоронд хорих ялтай болгосон аж.
Санхүүгийн олон заль мэх хэрэглэсэн байж болзошгүй гэх Трамп болон түүний гурван хүүгийнх нь эсрэг хэргийг Нью-Йоркт мөрдөн шалгажбайна. Тэднийг бага Дональд, Иванка, Эрик гэдэг юм. “Tramp organization” гэдэг гэр бүлийн компани нь ч энэ хэрэгт холбогдоод байгаа. Тэгэхдээ энэ нь иргэний нэхэмжлэлтэй болохоор Трамп, түүний хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Тэднийг буруутай гэж үзвэл 250 сая ам.доллароор торгох шийтгэл хүлээлгэнэ. Нью-Йорк мужийн ерөнхий прокурор Летиция Жеймс татварын байгууллага, банк, даатгалын компаниудыг Трамп олон жил мэхэлсэн байж болзошгүй гэх хэргийг одоо мөрдөн шалгаж байна. Банкнаас бага хүүтэй зээл авах, даатгалын төлбөрийг багасгахыг хичээсний дүнд Трамп болон түүний төрөл төрөгсөд гэр бүлийн бизнесийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлж чаджээ. Тиймээс татвараас зайлсхийсний учир “Tramp organization” энэ оны нэгдүгээр сард л гэхэд 1.6 сая ам.долларын торгууль төлсөн байна.
Урьд нь Дональд Трампын зүгээс хормой хотны дарамт учруулж, хүчиндсэн гэж хэд хэдэн эмэгтэй түүний эсрэг шүүхэд ханджээ. Сэтгүүлч, зохиолч Жин Кэрролл 1990-ээд онд Нью-Йоркийн тансаг их дэлгүүрүүдийн нэгэнд Трамп өөрийг нь хүчиндсэн хэмээн 2019 онд мэдэгдсэн байдаг. Трамп үүнийг эрс үгүйсгэж, Кэрроллтой уулзаж учирч байгаагүй, харин номынхоо борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тэр ийм хэл ам хийсэн гэж хэлсэн байна. Одоо 79 настай Кэрролл үүний хариуд нэр төрд нь учруулсан хохирлын төлөө Трампыг шүүхэд өгчээ. Тэгээд 2022 оны аравдугаар сард Трамп мэдүүлэг өгсөн аж. Арван жилийн өмнө үйлдсэн эр, эмийн харилцаанд хүч хэрэглэсэн үйлдэлтэй холбогдуулж хохирогч нь шүүхэд хандахыг зөвшөөрсөн заалт бүхий хууль үйлчилж эхэлсний дараа 2022 оны арваннэгдүгээр сард мөнөөх Кэрролл шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, гэмт хэрэг үйлдсэнээ үгүйсгэх үедээ Трамп зодож, цохисон, үг хэлээр доромжилсон гэж нотолсон байна.
Трамп өөрт нь хүлээлгэх гэсэн бүх хэргийг үгүйсгэж, “Чөтгөрийн ан, ав”-ын хоморгонд өртсөн гэж хэлж, түүнийг өмгөөлж, хамгаалагчид нь Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвшигчийг улс төрийн зорилгоор гутаах оролдлого хийж байна хэмээн эсэргүүцэж буй. Дээр өгүүлсэн бүх хэрэгт Дональд Трамп буруутай нотлогдвол түүнд 136 жил шоронд хорих ял оноохоор байгаа юм билээ.